Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай” 130 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хилийн чанадад оршин суугаа, боловсрол эзэмших боломжгүй нөхцөлд байгаа иргэн бүрд боловсрол эзэмшүүлэх зорилгоор бие даасан, төрийн өмчийн ерөнхий боловсролын “Мэдлэ” цахим сургуулийг байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилийн бүртгэлийг эхлүүлжээ.
Тус цахим сургуульд www.medle.mn цахим хуудсаар нэвтэрч, https://sms.eduportal.mn/intake холбоосоор бүртгүүлэх боломжтой. Цахим сургуулийн платформ нь 1-12 дугаар ангийн цахим сурах бичиг, 20,000 гаруй ерөнхий боловсролын болон тусгай мэргэшлийн сургалтын цахим хичээл, мэдлэг бататгах дасгал ажил, сурагч, багшийн хөгжлийг дэмжих тусгай булангуудтай аж.
Мөн Швед, Финланд, Норвеги, Дани, Исланд, Эстони Улсад оршин суугаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд багачуудыг “Мэдлэ” цахим сургуулийн хичээлд хамрагдаж, эх хэл, түүх, өв соёлоо бататган суралцахыг Шведийн Хаант Улсын элчин сайдын яам уриалав.
