Тажикистаны Душанбе хотод самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн боллоо.

Тэмцээнд 14 орны 230 гаруй тамирчин спорт, байлдааны, пара самбо гэсэн гурван төрөлд өрсөлджээ. Тус тэмцээний пара самбын төрлийн 98 кг-ын жинд Н.Цэрэнтогтох алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Түүний хувьд  Киргиз, Узбекистаны тамирчыг дараалан ялсан бөгөөд улмаар алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ражаб Хусейновыг ялжээ. Н.Цэрэнтогтох Душанбегийн дэлхийн цомд гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдлагад Монголоос ганцаараа оролцсон аж. Тус тэмцээний шүүгчээр олон улсын шүүгч Х.Батхишиг ажилласан байна.

Манай самбочдыг 11 дүгээр сарын 6-8-нд Узбекистаны Ташкент хотод болох самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. ДАШТ нь спорт, байлдааны, пара самбо гэсэн гурван төрлөөр болох юм. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн