УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ.

Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хоёрдугаарт, Оюутолгойн ногдол ашгийн тодорхой хэсгээр нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудал шийдвэрлэх нэг удаагийн үйлчлэлтэй Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал, үндсэн зохицуулалтыг хэлэлцсэн аж. Хуулийн төсөлд “Улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн ногдол ашгийн орлогоор зөвхөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиар баталсан нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлэх”-ээр тусгажээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол орон нутгийн эрчим хүчний дутагдал, эдийн засаг тэлэх боломжгүйг бүлгийн гишүүд тодотгов. Түүнчлэн гишүүд Оюутолгойн ногдол ашгийг урсгал зардалд зарцуулахгүй байхаар тусгасныг дэмжсэн байна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн