Хойд Солонгос улс гадаадын орнуудад ойролцоогоор 100 мянган ажиллах хүчин илгээжээ. Тэдгээрийн олонхийг Орос, Хятад руу илгээсэн байна. Тэр дундаа НҮБ-ын хоригийг зөрчин Оросын цэргийн нисгэгчгүй онгоцны үйлдвэрүүдэд ажилласан болохыг олон улсын Олон талт хориг арга хэмжээний хяналтын багийн сүүлийн тайланд дурджээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор гишүүн орнууд өөрийн нутаг дэвсгэрт ажиллаж, орлого олж буй Хойд Солонгосын иргэдийг нутагт нь буцаах ёстой байдаг. 2397 дугаар тогтоолоор тогтоосон хугацаа нь 2019 он байсан ч одоо хэр нь хойд солонгосчуудыг ажиллуулсаар байгаа орнууд бий. Эдгээр ажилчин 2025 онд 450-800 сая ам.долларын орлого бүрдүүлж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн гэж үздэг.
Зөвхөн ОХУ-д 2025 оны эцсийн байдлаар 15-30 мянга орчим Хойд Солонгосын ажилчин байсан гэж тооцоолж байна. Тэдний зарим нь Оросын үйлдвэрүүдэд цэргийн зориулалттай нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх ажилд оролцдог. Оросын засгийн газар Хойд Солонгосын ажилчдыг оюутан мэт харагдуулахын тулд оюутны визийн схем бий болгосон ч тохиолдол байгаа аж. Орост ажиллаж буй Хойд Солонгосын нэг ажилчин жилд дунджаар 7500 ам.доллараар цалинждаг.
Харин Хятадад 20-70 мянга орчим Хойд Солонгосын ажилчин байгаа гэж тооцоолжээ. 2023-2025 оны хооронд ойролцоогоор 10-20 мянган ажилчин түр хугацаагаар эх орондоо буцсан ч, 2025 оны нэгдүгээр сараас 2026 оны нэгдүгээр сарын хооронд дахин 10 мянга орчим ажилчин ирсэн байна.
Гадаадад ажиллаж буй Хойд Солонгосын иргэд 2025 онд 450-800 сая ам.долларын орлого олсон боловч бараг бүх цалин нь Хойд Солонгосын дэглэмд хураагддаг. Олон талт хориг арга хэмжээний хяналтын багийн мэдээлснээр, засгийн газар нь тэдний орлогын 80-90 хувийг авдаг. Зарим тохиолдолд засгийн газрын авах мөнгөн дүн нь ажилчдын бодит орлогоос давж, ажилтнууд өртэй үлдэх нь ч байдаг аж.
Олон талт хориг арга хэмжээний хяналтын баг нь 2024 оны аравдугаар сард байгуулагдсан бөгөөд НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянаж, тайлагнах үүрэгтэй. Тус багт Австрали, Канад, Франц, Герман, Итали, Япон, Нидерланд, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Их Британи болон АНУ багтдаг.
