Оросын Сибирийн Иркутск мужийн тайгад жимс түүж байсан гурван иргэн рүү баавгай дайрч, 55 болон 65 настай хоёр эрэгтэй газар дээрээ амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Москва хотоос зүүн зүгт 4200 километрийн зайд орших Лена мөрний эрэг дэх алслагдсан ойд гарсан уг хэргээс нэг иргэн зугтаж чадсанаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Цагдаа болон анчдаас бүрдсэн эрлийн баг амь үрэгдсэн иргэдийн цогцсыг олоод байх үед баавгай дахин гарч ирж, түрэмгий авирласан тул гал нээсэн бөгөөд одоогоор зугтсан баавгайг хайж байгаа юм байна. Энэ хэрэгтэй давхцан хөрш Красноярск мужийн алслагдсан тосгонд 66 настай эмэгтэй өөрийн гэртээ байхдаа баавгайд бариулж нас барсан бөгөөд ингэснээр энэ оны зунаас хойш ОХУ-ын хэмжээнд баавгайн дайралтаар амь үрэгдсэн хүний тоо хамгийн багадаа 14-т хүрлээ. Хэдийгээр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамнаас жилийн дундаж дайралтын тоо (хүн амь үрэгдсэн болон бэртсэн) 20-30 хавьцаа байдаг хэмээн нөхцөл байдлыг тогтвортой гэж тайлбарлаж байгаа ч Орос дахь хүрэн баавгайн тоо толгой 1990 оноос хойш хоёр дахин өсөж, 307,000-д хүрсэн бөгөөд эрх баригчид энэ зунаас хойш улсын хэмжээнд 530 гаруй баавгайг буудаж устгаад байгаа аж.
