Өнөөдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба, АШУҮИС-иуд хамтран “Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн албаны удирдлагууд болон төлөөлөгчид бусад эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Хурлын үйл ажиллагааг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нэгэн зорилгын дор цугларсан эмийн салбарын эрдэмтэн мэргэд, багш, судлаач, зочид, төлөөлөгч нартаа талархал илэрхийлье. Дэлхий дахинд эрүүл мэнд, эм зүй, технологи хурдацтай хөгжиж, шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл, инноваци, шинэ арга, хандлага тасралтгүй бий болж байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” хөтөлбөрийн хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын агентлагийг байгуулах, эмийн импортыг бүрэн цахимжуулах, чанарын лабораторийг бэхжүүлэх, экспортыг дэмжих, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг маш олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд эрүүл мэндийн салбар тэр дундаа эмийн салбарт дэвшил авчрах санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд өнөөдөр Польш Улсаас эрдэмтэн, мэргэд ирж олон улсын хурлыг хамтран зохион байгуулж байна. Монгол, Польш Улсын хамтын ажиллагааны хүрээнд уламжлалт анагаах ухааныг орчин үеийн дэвшилтэт технологид суурилан хөгжүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулах, эмийн үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортын орчинг дэмжих таатай орчин бүрдэнэ гэж харж байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулсан.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын эмийн зохицуулалт, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх таван жилийн хамтын ажиллагааны төлөвийг баталсан. Энэ хүрээнд бид олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Хурлын үеэр бид Польш Улсын сайн туршлагаас суралцахаас гаднаа тус улсын эрдэмтэд бидний уламжлалт анагаах ухааны хөгжилд үзүүлж буй хувь нэмрийг судалж байна. Орчин үед эм зүйн салбар маш хурдацтай хөгжиж байна. Бүгд Найрамдах Польш Улс бол Европын холбооны гишүүн улс учраас бид олон улсын зах зээлд уламжлалт эм, түүхий эдээ олон улсад гарахад нэг алхам урагшилж байна. Үүнээс гадна хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцөө бэлтгэх, хоёр улсын эмийн зохицуулалтын байгууллагуудын харилцааг бэхжүүлж, олон улсын сайн туршлага, зохицуулалтын шилдэг практикийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарга Grzegorz Cessak:
Манай хоёр байгууллага нь санамж бичиг байгуулсан сүүлийн нэг жилийн хугацаанд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, туршлагаа хуваалцах, харилцан суралцах зэрэг маш олон ажлыг хийж байна. Үүний хамгийн том ажлын нэг нь өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
Эдгээр өдрүүдэд бид Польш болон Монгол Улсын нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, бие бинийхээ ололт, амжилт туршлагаас суралцах болно. Монгол Улсын уламжлалт анагаах ухаан ялангуяа уламжлалт эмийн бүтээгдэхүүн бидний хэлэлцүүлгийн чухал сэдэв болж байгаад би маш их баяртай байна. Монголын уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн настай, уламжлалтай. Тиймээс Европын холбооны 27 орны сайн туршлага, дадлагыг та бүхэнд мэдүүлэх, монголын уламжлалт анагаах ухааныг тэдэнд таниулах нь миний хамгийн том зорилго.







Мэдээ таалагдсан: Жиргэх
