ПЁНЬЯН, 2026 оны есдүгээр сарын 17 /TASS/. БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй улсын статус нь эргэлт буцалтгүй бөгөөд хууль эрх зүй, бодит байдлын хувьд нэгэнт баталгаажсан гэж тус улсын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн эрхлэгч Ким Ё Жон мэдэгджээ. Тэрбээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /ОУЦЭХА/ Ерөнхий бага хурлын 70 дугаар чуулганы үеэр цөмийн зэвсгээсээ ангижрахыг БНАСАУ-д уриалсантай холбогдуулан ийнхүү мэдэгдсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

Ким Ё Жон мэдэгдэхдээ, цөмийн зэвсгээс ангижрахыг шаардах нь улс орны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авах Пёньяны төлөвлөгөөнд нөлөөлөхгүй гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр, БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй улсын статусыг үгүйсгэх нь “өнөөгийн бодит байдлыг огт өөрчилж чадахгүй” бөгөөд уг статус “бодит байдал дээр болон хууль эрх зүйн хувьд нэгэнт баталгаажсан” аж.

БНАСАУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байгаа, мөн цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүйгээр бүрэн ангижрах шаардлагатай гэж ОУЦЭХА-ийн Ерөнхий бага хурлын үеэр мэдэгдсэнийг тэрбээр шүүмжилж, ийм шаардлага нь ямар ч үр дүнгүй гэжээ.

Түүнчлэн Ким Ё Жон БНАСАУ цөмийн зэвсэг эзэмшиж байгаа нь гаднын аюул заналыг тогтоон барих, энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулж байна гэж мэдэгдсэн байна.

ОУЦЭХА өмнө нь БНАСАУ-ыг цөмийн зэвсэг болон хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрүүдээсээ эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг дагаж мөрдөхийг уриалжээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн