ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 16 /Anadolu/. АНУ дэлхийн тойрог замд давшилтын зэвсэг байрлуулснаа анх удаа хүлээн зөвшөөрчээ. 

АНУ-ын Агаарын цэргийн хүчин хариуцсан сайд Трой Мейнк Агаар, сансар, цахим дайны асуудлаарх бага хуралд үг хэлэхдээ, “хувьсан өөрчлөгдөж буй аюул занал”-аас Америкийн цэргийн хүчнийг хамгаалахын тулд уг зэвсэг шаардлагатай гэж мэдэгджээ. Тэрбээр уг зэвсгийн хүчин чадлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд тойрог замд хэзээ байрлуулсныг мөн хэлээгүй байна.

Өнөөг хүртэл АНУ-ын албан тушаалтнууд сансарт цэргийн чадавхыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай л ярьж ирсэн ба Орос, Хятад улсууд цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд Америкийн хиймэл дагуулууд руу довтолж, үйл ажиллагааг нь тасалдуулахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж дурддаг байв.

Д.Трампын засаг захиргаа АНУ-ын нутаг дэвсгэрт аюул учруулж буй пуужингууд, мөн бусад байг замаас нь амдан сөнөөх зорилгоор байгуулж буй “Алтан дээвэр” системд пуужин сөнөөгч зэрэг сансарт байрлах хэсгүүд багтана гэж мэдэгдэж байсан юм.

1967 онд ЗХУ, АНУ сансарт үй олноор хөнөөх зэвсэг байрлуулахыг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэ нь “Сансар огторгуй, түүний дотор Сар болон тэнгэрийн бусад биетийг судлах, ашиглах үйл ажиллагааны зарчмын тухай гэрээ” бөгөөд бусад улс орнууд нэгдэн орох боломжтой нээлттэй гэрээ юм.

Гэвч уг гэрээ нь ердийн зэвсэгт хамаарахгүй бөгөөд сүүлийн жилүүдэд Орос, Хятад, АНУ нь холбоо харилцаа, тагнуул, навигацид зайлшгүй шаардлагатай “дайсны” хиймэл дагуулуудыг устгах янз бүрийн хэрэгслийг хөгжүүлсээр байгаа юм. 

2019 онд АНУ 70 жилийн дараа анх удаа зэвсэгт хүчний шинэ анги нэтгэл болох Сансрын хүчнийг байгуулсан билээ. Өнгөрсөн онд тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп Сансрын хүчин нь зөвхөн батлан хамгаалах бус, довтлох үүрэг хүлээх тухай зарлиг гаргасан байна. Сансрын хүчинд эдгээр үүргийг хэрэгжүүлэхэд ашиглах “кинетик болон кинетик бус хэрэгсэл” бий гэдгийг тус хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн