Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтаар салбар бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх олон талт асуудлыг хэлэлцэж байна.

Тухайлбал, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Евроазийн тээврийн коридорын хөгжлийг эрчимжүүлэх, хил орчмын бүс нутгийн тээвэр, логистикийн уялдаа холбоог сайжруулах, хоёр улсын Засгийн газар, Зам тээврийн сайд, удирдах албан тушаалтнууд тээврийн салбарын нөхцөл байдал, хамтын ажиллагаа, тулгамдаж буй бэрхшээлийг ярилцаж байна. Монгол, Оросын талууд төмөр зам, авто зам, хилийн боомт, агаарын тээвэр, логистик, хүний нөөцийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Орос, Монгол, Хятадын тээврийн коридорын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх тухай хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан манай улс тээврийн шинэ коридоруудыг хөгжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэхийг зорьж буйг онцоллоо. Энэ хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт, Хөшигийн хөндий-Номгон, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг холбох төслийг үе шаттай хэрэгжүүлнэ. Эдгээр нь Монгол Улсын экспортын гарцыг төрөлжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн шинэ урсгалыг татах, боомтын хүчин чадлыг нэмэх, бүс нутгийн тээврийн интеграцид нэгдэх, эдийн засгийг сайжруулах стратегийн ач холбогдолтойг тодотгосныг ЗТЯ мэдээлэв. 

Тухайлбал 2025 онд эхлүүлсэн Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын барилгыг энэ намар ашиглалтад оруулна. Ингэснээр нийслэлийн төвөөр дамжих аюултай ачааг, мөн нүүрс, зэсийн баяжмал зэрэг экспортын болон дамжин өнгөрөх ачааг тээвэрлэнэ. Энэ нь авто замын түгжрэлийг багасгах, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой юм.

Түүнчлэн Засгийн газраас Ханги-Мандалын төмөр замын холболт эдийн засгийн үр өгөөжийг нэмэхээр төлөвлөөд байгаа. Зүүнбаян, Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам гэхэд 2 өртөө, 6 зөрлөгтэй, жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Тус төмөр замыг ашиглалтад оруулснаар Ханги-Мандал боомтоор экспортын ачаа тээвэрлэх боломж нэмэгдэж, 2024 онд 8.6 сая тонн ачаа экспортолсон нь 2023 оныхоос 1.7 дахин нэмэгджээ. Энэ оны эхний 7 сард Ханги-Мандал боомтоор 9.1 сая тонн ачаа тээвэрлэснээс 4.3 сая тонныг нь төмөр замаар зөөжээ. Иймд Ханги-Мандал боомтын хил дамнасан төмөр замын холболтыг эхлүүлэх нь транзит тээврийн хэмжээг нэмэх ач холбогдолтойг сайд дурдлаа.

Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН нь ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридорын гол хэсгийг бүрдүүлдэг. Тус нийгэмлэг өнгөрсөн онд 33.7 сая тонн ачаа, 1.8 сая зорчигч тээвэрлэсэн нь манай улсын нийт ачаа тээврийн 34, төмөр замын ачаа тээврийн 70 орчим хувийг дангаараа гүйцэтгэжээ. ”УБТЗ”-ын гол шугамаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 2016 онд 19.9 сая тонн байсан бол 2025 онд 33.7 сая тоннд хүрч, 10 жилд 1.7 дахин буюу 70 орчим хувиар өслөө. Мөн 2016 онд 2.3 сая тонн байсан транзит ачаа 2025 онд 5.9 сая тонн болж, ОХУ, БНХАУ-ын хоорондын дамжин өнгөрөх тээвэр 2.5 дахин нэмэгджээ.

Монгол Улс нь ОХУ, БНХАУ-ыг холбосон авто тээврийн коридорыг ч үе шаттай хөгжүүлж байгаа. Өнгөрсөн онд авто тээврээр 96.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь экспортын ачааны 89 хувийг гүйцэтгэсэн үг ажээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн