СӨҮЛ, 2026 оны есдүгээр сарын 14 /Yonhap/. Хөдөлмөрийн зах зээлд хожуу хөл тавих хандлага ажиглагдаж буй энэ үед Өмнөд Солонгост ажил эрхэлж байгаа 20-иод насныхны тоо энэ онд 1998 оны Азийн санхүүгийн хямралаас хойш хамгийн хурдацтайгаар буурсныг ням гарагт нийтэлсэн статистик мэдээлэл харуулжээ.
БНСУ-ын Статистикийн газрын (KOSIS) мэдээллээр, энэ оны 1-8 дугаар сард ажил эрхэлж буй 20-иод насныхны тоо дунджаар 3.38 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 193 мянгаар буурсан байна. Энэ нь 1998 оноос хойших хамгийн их буурсан үзүүлэлт бөгөөд тухайн үед Азийн санхүүгийн хямралын улмаас ажил эрхэлж буй 20-иод насныхны тоо 550 мянгаар буурч байжээ.
Ажил эрхэлж буй 20-иод насныхны тоо тус насны хүн амын бууралтаас илүү хурдацтай буурчээ. Энэ насны хүн амын тоо өмнөх оны мөн үеийнхээс 3.5 хувиар цөөрч, дунджаар 5.55 сая болсон бол ажил эрхэлж буй хүний тоо 5.6 хувиар буурчээ. Үүний улмаас ажил эрхлэлтийнх нь түвшин 1.3 нэгж хувиар буурч, 59.1 хувьд хүрсэн байна. Ингэснээр сүүлийн таван жилд анх удаа 60 хувиас доошилжээ.
Харин 30-аад насныхны ажил эрхлэлт нэмэгдсэн байна. Тус насны хүн ам өмнөх оны мөн үеийнхээс 83 мянгаар өсөж, 6.94 саяд хүрсэн бол ажил эрхэлж буй хүний тоо 103 мянгаар нэмэгдэж, 5.6 сая болсон байна. Тэдний ажил эрхлэлтийн түвшин 80.9 хувьд хүрч, 2022 оноос хойш тав дахь жилдээ дараалан өссөн байна.
Үзүүлэлтүүдийн энэхүү зөрүү нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавих залуусын нас хойшилж буйг тодорхой хэмжээгээр холбоотой байж магадгүй гэж шинжээчид дүгнэжээ.
