ПАРИС, 2026 оны есдүгээр сарын 14 /Euronews/. Сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаагаа бүрэн хэмжээний концертоо толилуулж буй Канадын нэрт дуучин Селин Дион Парис хотын Plenitude Арена цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа 30 мянган үзэгчийн өмнө гарч ирлээ.
Дуулахынхаа өмнө тэрбээр нулимс дуслуулан хэлэхдээ, эргэн ирэх зам нь амаргүй байсныг дурдав. “Өнөөдөр орой би та нартаа зориулан дуулмаар байна, өөртөө зориулан дуулмаар байна, амьдралын төлөө дуулмаар байна” гэж дуучин бүсгүй хэллээ.
Концертын хөтөлбөрт My Heart Will Go On, Because You Loved Me зэрэг түүний хит дуунууд багтсан байна. Үзэгч олон түүнийг халуун алга ташилтаар угтан авсан бол хөгжмийн шүүмжлэгчид анхны концертыг нь өндрөөр үнэлжээ.
Парист тоглох концертууд бол С.Дионы эргэн ирэлтийн чухал хэсэг бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнтэй хамт 26 үдшийг өнгөрүүлэх юм.
Эхний концертыг АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама болон Францын улстөрчид үзсэн байна. Канадын Ерөнхий сайд Марк Карни дуучин бүсгүй тайзнаа эргэн ирсэн явдлыг “ер бусын гайхалтай хэрэг” хэмээн тодорхойллоо.
Тэрбээр 2024 оны Олимпын наадмын нээлтэнд Эдит Пиафын “Hymne à l’amour” гэдэг дууг дуулсныг эс тооцвол Францад бараг 10 жилийн хугацаанд тоглолт хийгээгүй юм. Түүний 27 цомгоос 15 нь франц хэлээр туурвисан уран бүтээлийн цомог бөгөөд “Парис бол миний хоёр дахь гэр орон” хэмээн дуучин бүсгүй ярьдаг.
С.Дион 2022 онд мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аутоиммун өвчин болох Мерш-Вольтманы хам шинж (биеийн булчин хөших хам шинж) гэдэг маш ховор тохиолддог өвчин туссанаа зарлажээ. Энэ өвчин булчин хүчтэй хөших, татах шинж тэмдгүүдээр илэрдэг.
Тэрбээр зургаан жил завсарласны эцэст цуврал концертоо хийхээр 8 дугаар сарын 28-нд Парист ирсэн билээ.
