Ерөнхий сайд Н.Учрал, 17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орлоо хэмээн баасан гарагт Монгол Улсад ажиллаж буй Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Троттын хамт мэдээлэл хийхдээ мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгээс Рио Тинто групптэй хийсэн удаан хугацааны хэлэлцээний үр дүнд Оюу толгой төслийн Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, зардлыг дорвитой бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохирч баталгаажуулжээ. Ингэснээр 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анхны томоохон өөрчлөлт оруулах нөхцөл бүрдсэн байна. Оюу толгой төслөөс Монголын талд ногдол ашиг хуваарилах хугацааг ч 2027 он болгож тохиролцжээ.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн мэдээлснээр, хэлэлцээний үр дүнд урьдчилсан тооцоогоор “Оюу толгой” ХХК-ийн менежментийн зардал 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгөөр буурч, Монголын талын өгөөж уурхайн ашиглалтын нийт хугацаанд 4 орчим тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа юм байна.

“Оюу толгой” ХХК-иас энэ талаар “Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн асуудлаарх хэлэлцээний хүрээнд менежментийн үйлчилгээний зардлыг бууруулах, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах талаар тохиролцоонд хүрсэн билээ. Өнөөдөр талууд эдгээр тохиролцоог албажуулж, холбогдох гэрээ, баримт бичгүүд дээр гарын үсэг зурсан бөгөөд Оюу толгойн ногдол ашгийг 2027 онд хувь нийлүүлэгчдэд хуваарилахад хамтран ажиллахаар баталгаажууллаа. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: “Энэ ахиц дэвшил нь нэг талын бус, хамтын хүчин чармайлт. Харилцан итгэлцэл, нээлттэй яриа хэлэлцээ, шийдэлд төвлөрсөн хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн энэ алхам бодит ажил болж чадлаа” хэмээн онцоллоо” гэж мэдээлсэн байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн