Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан олон нийтийн саналыг тусгахаар хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар тус бодлогын баримт бичгийн  агуулга, онцлог ач холбогдлыг танилцуулахдаа, “Монголбанк дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, “Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан төв банк” байх алсын хараагаа тодорхойлон, мөнгөний бодлого, санхүүгийн салбарт тулгамдаж буй реформын шинжтэй олон асуудлыг шийдэх зорилтыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. 2027 онд баримтлах мөнгөний бодлогын чиглэл нь дунд хугацааны стратегийн энэ зорилтыг ажил хэрэг болгох эхний томоохон алхмыг агуулж байгаагаараа онцлог” гэв.

Хэлэлцүүлгээр “Мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа” сэдвээр Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн талаар Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан танилцуулж, санал солилцлоо.

Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний болон макро зохистой бодлогыг уялдуулан хэрэгжүүлж, инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтлах ажээ. Банкны салбарын эрсдэл даах чадвар, хяналт, хариуцлагыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлж, тус салбар дахь мөнгө угаах, терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг удирдах тогтолцоог боловсронгуй болгохыг зорьж байна.

Мөн төв банкны хараат бус, бие даасан, нээлттэй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, төлбөр, санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, өгөгдөл, зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэх санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлж, санал солилцох нь бодлого боловсруулахад олон талын байр суурь, санал санаачилгыг тусгах, бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэхач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, иргэдийн 100 гаруй төлөөлөл оролцож, мэдээлэл сонсон, мөнгөний бодлогын баримт бичигт тусгах санал, байр сууриа илэрхийлжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн