Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 11 //. Герман Улсын “Falling Walls Foundation”-оос санаачлан зохион байгуулдаг “Falling Walls Lab Ulaanbaatar 2026” олон улсын эрдэм шинжилгээ, инновацын илтгэлийг шалгаруулах үйл ажиллагаа Конрад Адэнауэрийн санд өнөөдөр боллоо.  

Залуу судлаач, инновац бүтээгчдийн шинэлэг санаа, судалгааны үр дүнг олон улсын түвшинд танилцуулах, салбар хоорондын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны харилцаа холбоог дэмжих зорилготой юм.

Нээлтийн үеэр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Беккер,  “Энэхүү үйл ажиллагаа нь залуу судлаачид, шинийг санаачлагчдад өөрсдийн санаагаа гурван минутын хугацаанд танилцуулж, яагаад чухал болохыг тайлбарлан, ямар өөрчлөлт авчирч болохыг харуулах боломж олгодог. Энэ нь нэг талаараа сорилт, нөгөө талаараа маш үнэ цэнтэй ур чадварыг хөгжүүлэх боломж юм. Сайн судалгаанд сайн харилцаа, тайлбарлах чадвар, түгээх боломж хэрэгтэй. Оролцогчдоос шилдэг нэг нь  Берлин хотноо болох “Falling Walls Global Final”e-д оролцох гараагаа эхлүүлнэ. Герман, Монгол Улс нь боловсролын салбарын харилцаа, солилцооны зуун жилийн түүхтэй. “Falling Walls Lab” нь энэхүү урт удаан уламжлалыг шинэ үеийнхэнтэй холбон, Монголын залуу судлаачдад өөрсдийн санаа, бүтээлээ хөгжүүлэх, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, ирээдүйг бүтээлцэх боломжийг олгож байна” гэв.

МГТИС-ийн Ректор, профессор Б.Батцэнгэл, “МГТИС нь 2019 оноос хойш “Falling Walls Lab Mongolia” тэмцээнийг зохион байгуулж, залуу судлаач, шинийг санаачлагчдад шинэ, дэвшилтэт санаагаа олон нийтэд, олон улсад танилцуулах боломжийг олгож ирсэндээ баяртай байдаг. Шинэ үеийн авьяаслаг шинийг санаачлагчид тогтсон хил хязгаарыг давж, өөрсдийн санаа, шийдлээр дэлхийд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаад бид баяртай байна” гэв.

DAAD-ийн багш Даниел Матисяк, “Герман, Монгол хоёр улс шинжлэх ухааны солилцоо, хамтын ажиллагааны 100 жилийн түүхтэй. Бидний хувьд энэхүү ой нь өнгөрснөө дүгнэхийн зэрэгцээ ирээдүйгээ харах боломж юм. Шинэ үеийнхэн шинэ асуулт, шинэ санаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгож байна. “Falling Walls Lab” нь залуу судлаачид үзэл бодол, шийдлээ танилцуулж, Монгол Улсынхаа хилээс даван олон улсад танигдах боломжийн тод жишээ юм. DAAD тэтгэлэг, хөтөлбөрөөр дамжуулан залууст энэхүү солилцоог үргэлжлүүлэх, суралцах, судалгаа шинжилгээний салбарт өөрсдийн замналаа бүтээх боломж олгохыг зорьдог” хэмээв. 

Энэ жилийн “Falling Walls Lab”-д шалгарсан 9 оролцогч судалгаа, инновацын санаагаа богино хугацаанд танилцуулж, олон улсын түвшний шүүгчдийн бүрэлдэхүүн, оролцогчдоос асуулт авч, судалгааныхаа практик ач холбогдлыг хэлэлцлээ. Илтгэлүүд нь хиймэл дагуулын IoT сүлжээ, бохир ус цэвэршүүлэх ба эрчим хүч үйлдвэрлэх технологи, ухаалаг хог ангилан ялгах систем, генетик ба ховор өвчин, макро эдийн засаг, цөмийн физик, батарейн материал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан протезийн технологи, эмийн аюулгүй байдал зэрэг шинжлэх ухаан, технологийн олон салбарыг хамарсан юм.

Мөн энэ үеэр “ENGAGEx Science Communication-100 Years of Mongolian-German Educational Cooperation” тусгай хөтөлбөр зохион байгуулж, Герман Улсад суралцах, судалгаа хийх боломж, МГТИС-ийн судалгааны үйл ажиллагаа, Sur-Place тэтгэлэг, Монгол-Германы академик хамтын ажиллагааны талаар мэдээлэл, туршлага хуваалцлаа.

Энэ удаагийн “Falling Walls Lab Ulaanbaatar 2026”-г Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж, Монгол, Германы судлаач, оюутан, инновац бүтээгчид оролцов. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн