Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулж буй Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна.
Тэрбээр чуулганы нээлт болон “Олон улсын удирдагчдын өндөр түвшний хэлэлцүүлэг”-т оролцож, дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын шинэ боломж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар байр сууриа илэрхийлжээ. Мөн АНЭУ-ын Гадаад худалдааны сайд Др.Тани бин Ахмед Аль Зейюдитай уулзаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
“Дэлхийн хөгжил цэцэглэлтийг шинэчлэн тодорхойлох нь: Тогтвортой, хүртээмжтэй ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх нь” сэдвээр болж буй тус чуулган дэлхийн төр, засгийн төлөөлөл, хөрөнгө оруулагч, бизнесийн удирдагч, инновац, технологийн салбарын төлөөллийг холбосон хөрөнгө оруулалтын томоохон платформ билээ. Иймээс Монголд хөрөнгө оруулах боломжийг олон улсад таниулах, эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт, технологи, бизнесийн түншлэл татахад ач холбогдолтой юм.
