Гахайн бөөр хүний биед 271 хоног ажиллажээ

ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 5 /Kazinform/. АНУ-д генийг нь хувирган өөрчилсөн гахайн бөөрийг өвчтөнд шилжүүлэн суулгасны дараа 271 хоногийн турш ажилласан нь ийм эрхтэн хүний биед хамгийн удаан хугацаанд ажилласан тохиолдол болжээ.
Тим Эндрюст гэдэг 66 настай эрэгтэйд 2025 оны нэгдүгээр сард гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Уг мэс заслын ачаар тэрбээр есөн сарын турш диализ эмчилгээнд ороогүй байна. Ийм эрхтнийг донорын бөөр хүлээж буй өвчтөнүүдэд түр хугацаанд орлуулах эрхтэн болгон ашиглах боломжтой гэж мэс заслыг хийсэн “Mass General Brigham” эмнэлгийн эмч нарын үзэж байгаа ажээ. 
Шилжүүлэн суулгаснаас хойш 271 хоногийн дараа бөөр ажиллахаа больж, эмч нар авсан байна. Үүний дараа өвчтөн богино хугацаагаар диализ эмчилгээ хийлгэж, дараа нь түүнд донорын бөөр шилжүүлэн суулгажээ. Тус эмчилгээний ажиглалтын үр дүнгийн талаарх өгүүллийг “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн байна.
Уг өвчтөнд генийг нь хувирган өөрчилсөн Юкатаны үүлдрийн гахайн бөөрийг шилжүүлэн суулгасан байна. Дархлааны тогтолцоо шилжүүлсэн суулгасан эрхтнийг хүлээж авахгүй байх болон гахайн гаралтай вирус хүнд халдварлах эрсдэлийг бууруулахын тулд гахайн бөөрний 69 генийг өөрчилжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн