ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ОХУ-д үүсээд буй асуудлаас шалтгаалан Монгол Улсад шатахууны үнэ нэмэгдсэнийг Reuters агентлаг мэдээлжээ

Монгол Улс шатахууныхаа гол нийлүүлэгч ОХУ-д үүссэн хомсдолын нөлөөг мэдэрч байгаа талаар Монголын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Reuters агентлагт ярилцлага өгчээ.

Тэрбээр ОХУ-д үүсээд буй шатахууны асуудлаас шалтгаалан Монгол Улсад шатахууны үнэ нэмэгдсэнийг хэлсэн байна. Тодруулбал, Монголд шатахууны үнэ өнгөрсөн хавар нэг литр нь ойролцоогоор нэг ам.доллар байсан бол одоогийн байдлаар  1.5-2 ам.долларт хүрч өссөн гэжээ.

Reuters-ийн мэдээлснээр ОХУ-д Украины нисгэгчгүй онгоцны халдлага газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд нөлөөлж, мөн улирлын эрэлт нэмэгдсэнээр шатахууны хомсдол үүссэн байна. Үүний улмаас Монголд шатахуун түгээх станцуудын дэргэд урт дараалал үүсэж, борлуулалтад хязгаарлалт хийхэд хүрчээ. Хэдийгээр ОХУ бензин, дизель түлшний экспортод хориг тавьсан ч Монгол Улс Засгийн газар хоорондын шатахууны нийлүүлэлтийн гэрээтэй орны хувьд уг хоригт хамаарахгүй аж.

Мөн энэ оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд ОХУ-аас Монголд нийлүүлсэн дизель түлшний хэмжээ 7 хувиар өсөж, 1.05 сая тонн болсон бол бензиний нийлүүлэлт 450 мянган тонноос 515 мянган тонн болж нэмэгдсэн байна. Харин долдугаар сард ОХУ-аас Монголд нийлүүлсэн автомашины түлшний хэмжээ өмнөх сарын 186.4 мянган тонноос 173 мянган тонн болж буурчээ. Энэхүү мэдээллийг Ц.Болорчулуун Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн