Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Булган есдүгээр сарын 3-ны өдөр НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD)-ийн Ерөнхийлөгч Алварио Лариод итгэмжлэх захидлаа гардуулав.  

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Булган Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарын мэндчилгээг Ерөнхийлөгч Алварио Лариод уламжилж, Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийн талаар танилцуулав. 

Түүнчлэн Монгол Улсын хөдөө болон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, малчдын амьдралын нөхцөлийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд IFAD-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг бэхжүүлэх, Монголын залуу мэргэжилтнүүдийг IFAD-д дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх боломжийн талаар санал солилцов. 

IFAD-ын Ерөнхийлөгч Алварио Ларио Элчин сайд Д.Булганд амжилт хүсэж, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Тэрээр Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгөө онцолж, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. 

Монгол Улс нь 1994 онд  IFAD-ын гишүүнээр элссэн бөгөөд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжлийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар болон Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан (IFAD)-гийн хамтарсан санхүүжилтээр Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймгуудад үр дүнтэй хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил, бэлчээрийн зохистой менежментийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн