Агаарын чанарыг автоматаар хянах тогтолцоог бүрдүүлэв

Монгол Улс агаарын чанарын мэдээллийг нэгдсэн системээр тасралтгүй хэмжиж, боловсруулах, олон нийтэд шуурхай хүргэх суурь тогтолцоотой боллоо.

Тогтолцоог бүрдүүлэхээр “Улаанбаатар хот, 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. БОУАӨЯ, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлсэн тус төслийг 2023-2026 онд 8.9 сая ам.долларын тусламжаар санхүүжүүлэн, нийслэл болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцыг бүрэн суурилуулсан байна. Ингэснээр агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломж бүрдүүлжээ. Хэмжилтийн мэдээллийг иргэд agaar.gov.mn,  (https://agaar.gov.mn?utm_source=chatgpt.com)-оор харах боломжтой.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир төслийг хааж хэлсэн үгэндээ агаарын бохирдол нь зөвхөн байгаль орчны асуудал бус иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдгийг тодотгоод, бодит, найдвартай хэмжилтийн мэдээлэл нь зөв бодлого боловсруулах үндэс гэдгийг онцлов. Мөн Монгол Улс өмнө нь зөвхөн цаг агаарын төлөв байдалд дүн шижилгээ хийж чаддаг байсан бол төслийн дүнд иргэд агаарын чанарын урьдчилан мэдээг авах боломжтой боллоо. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг багасгах Монгол Улсын тэргүүлэх зорилгыг хэрэгжүүлэх бодлого оновчтой, үр дүнтэй болоход хувь нэмэр оруулах юм” гэв.

ЦУОШГ-ын дарга Э.Баттулга төслийн хүрээнд агаарын чанарын үзүүлэлт хэмжих хөдөлгөөнт лабораторийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өгч, мэдээлэл боловсруулах, үр дүнг үнэлэх, тайлан гаргах MAMIS программыг хөгжүүлэн, хүний нөөцийн чадавхыг нэмэх зорилгоор БНСУ, Монгол Улсад 240 орчим албан хаагчийг сургалтад хамруулсныг цохон тэмдэглэлээ.

Харин БНСУ-ын Байгаль орчны Уур амьсгал, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан захирал Юн Ён Хи нарийвчлалтай, найдвартай мэдээлэл нь агаарын бохирдлыг багасгах, төрийн бодлого боловсруулахад ач холбогдолтойг дурджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн