Флорида мужид сураггүй болсон 163 хүүхдийг олж, аюулгүй газар хүргэжээ

АНУ-ын Флорида мужийн хууль сахиулах байгууллагууд хамтран, тав хоногийн хугацаанд ажиллагаа явуулж, сураггүй болсон 163 хүүхдийг олж, аюулгүй газар хүргэсэн байна.

Флорида мужийн ерөнхий прокурор Жеймс Утмайер наймдугаар сарын 25-нд “Operation Statewide Shield” нэртэй ажиллагааны үр дүнг танилцуулжээ. Энэ нь Флорида мужийн хэмжээнд сураггүй болсон хүүхдүүдийг эрэн сурвалжилж, олж тогтоох чиглэлээр зохион байгуулсан анхны нэгдсэн ажиллагаа юм. Мөн тус мужийн түүхэн дэх хамгийн том хүүхэд эрэн хайх ажиллагаа болсон байна. Хоёр сартайгаас 17 хүртэлх насны хүүхдүүдийг олсон бөгөөд тэднийг эрэн сурвалжлахдаа тагнуулын мэдээлэл болон газар дээрх ажиллагааны мэдээллийг ашиглажээ.  Хүүхдүүдийг олсны дараа сэтгэл зүй, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээнд шууд хамруулсан байна.

Утмайерын мэдэгдэлдээ, “Эдгээр хүүхдүүд хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, мөлжлөг болон бусад гэмт хэргийн золиос болсон. Флоридагийн Хууль сахиулах газар, Мужийн Прокурорын газар болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа, өндөр үр дүнтэй ажлын ачаар эдгээр хүүхдүүд одоо аюулаас аврагдаж, шаардлагатай тусламж үйлчилгээг авч байна” гэжээ.

Олдсон хүүхдүүдийн 46 нь Тампа-Бэй бүсээс, 41 нь Майамигаас, 32 нь Жэксонвиллээс, 21 нь Орландогоос, 12 нь Форт-Майерсээс, найм нь Пенсаколагаас, гурав нь Таллахассигаас тус тус олджээ.

Мөн сураггүй болсон хүүхдүүдийг Флоридагаас гадна АНУ-ын зургаан муж, нэг нутаг дэвсгэр болон Бразил, Канад, Колумб, Доминика, Финланд, Гана, Гватемал, Итали, Ямайка зэрэг 12 улсаас илрүүлсэн байна. Албаныхны мэдээлснээр, сураггүй болсон хүүхдүүдийн олонх нь хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, мөлжлөгт өртсөнөөс гадна бусад төрлийн гэмт хэргийн орчинд орсон байжээ. Олдсон хүүхдүүдийг тусгайлан байгуулсан төвүүдэд хүргэсэн. Тэдэнд нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, эмнэлгийн ажилтан болон хохирогчдод туслах байгууллагын төлөөлөгчид шаардлагатай тусламж үзүүлжээ. Мөн “BayCare” зэрэг ашгийн бус олон байгууллага эдгээр хүүхдүүдийг хамгаалах, асран халамжлах ажиллагаанд оролцож байна.

Хүүхэд бүрийг олсны дараа Флоридагийн Сураггүй болсон болон эрсдэлд орсон хүмүүсийн мэдээллийн санд бүртгэлтэй хэргийг хаажээ. Цаашдын асран хамгаалах асуудлыг Флоридагийн Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн газар болон Насанд хүрээгүйчүүдийн хууль зүйн газарт шилжүүлжээ. Ажиллагааны үеэр хэд хэдэн хүнийг баривчилсан. “Fox News” агентлагийн мэдээлснээр, баривчлагдсан гурван этгээдийг Жэксонвиллийн Шерифийн газар, Ли тойргийн Шерифийн газар зэрэг хууль сахиулах байгууллагууд илрүүлэн тогтоожээ. Тухайлбал,

  • Майкл Кори Прескотт насанд хүрээгүй хүүхэдтэй “садар самуун үйлдэл хийсэн” гэх гурван зүйл анги, хүнд гэмт хэрэгт тооцогдох “биед халдсан” гэх нэг зүйл анги, хүндрүүлсэн нөхцөлтэй “халдлага”-ын нэг зүйл ангиар ял сонссон байна. Тэрбээр мөн “хүүхдийн асран хамгаалах эрхэд хууль бусаар халдсан” гэх хэрэгт буруутгагдаж байсан боловч хууль хүчний байгууллагаас зугтаж байжээ.
  • Роберт Феррал Эллисон 12-16 насны “хүүхдийн эсрэг садар самуун шинжтэй хүчирхийлэл үйлдсэн” хэрэгт буруутгагдсан байна.
  • Жэйден Аллен Харвуд “хүүхдийн асран хамгаалах хэрэгт хууль бусаар оролцсон” болон “хүч хэрэглэлгүйгээр хууль сахиулагчдын шаардлагыг эсэргүүцсэн” хэргээр баривчлагджээ.

Албаныхны мэдээлснээр ажиллагаатай холбоотойгоор цаашид нэмэлт баривчилгаа хийхээр төлөвлөж байна.

 Эх сурвалж: Рeople

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн