Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр “ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ (ICF)”-ЫН МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ ОРЧУУЛГЫГ АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛАХ, ҮНДЭСНИЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЭХ УУЛЗАЛТЫГ 2026.08.31-нд зохион байгуулж байна.
Монгол Улс “Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал” (International Classification of Functioning, Disability and Health – ICF)-ын монгол хэлний албан ёсны орчуулгыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын WHO-FIC платформд байршуулж, тус ангиллыг үндэсний хэмжээнд үе шаттай нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.


Арга хэмжээг УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Соккоро Эскалентэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастел нар нээж үг хэллээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ Олон улсын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн ангилал буюу ICF нь хүний эрүүл мэндийг зөвхөн өвчин, оношоор бус , тухайн хүний биеийн үйл ажиллагаа, өдөр тутмын идэвх, нийгмийн оролцоо болон хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй нь уялдуулан авч үздэг чухал арга хэрэгсэл ба энэхүү ангилалыг ашигласнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд хүний үйл ажиллагаа, оролцооны хувьд нь “үнэлэн дэмжих” тусламжийг өргөжүүлэх боломж олгож байна. Монгол Улсад сэргээн засах тусламж, үйлчилгээний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед ICF -ийг нэвтрүүлэх, ашиглах нь зөвхөн ангиллыг хэрэглэх асуудал бус сэргээн засах тусламж үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох, үйл ажиллагааны хязгаарлалтыг үнэлэх, тохирсон тусламж үйлчилгээг төлөвлөх, бодлого, санхүүжилт, үйлчилгээний зохион байгууллалтыг боловсронгуй болгох суурь болно. Бидний зорилго хүн бүрийг оношинд тулгуурлах бус бие даасан хүн гэдэг талаас нь харж өөрийн боломж, чадавхид нийцсэн амьдарлын оролцоог дэмжихэд оршино. Иймд ICF-ийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төдийгүй сэргээн засах баг, нийгмийн хамгаалал, боловсролын салбарын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж дурдсан байна.



Уулзалтад УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн яам, Гэр бүл,хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Боловсролын яамны удирдлагууд ,Нийгмийн даатгалын ерөнхий газар,Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сэргээн засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Хүүхдийн төв комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл, орон тооны бус дэд зөвлөлийн гишүүд, төрийн бус байгууллагууд, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын сэргээн засах эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 116 хүн хамрагдлаа.

ОНОШООС ГАДНА ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОРОЛЦООГ ХАРАХ НЭГДСЭН ХЭЛ
1700 ГАРУЙ КОДЫГ МОНГОЛ ХЭЛНЭЭ АЛБАН ЁСООР ОРЧУУЛАВ
ГУРВАН САЛБАРТ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛНЭ
ICF-ИЙГ БОДИТ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ХҮН ТӨВТЭЙ ТОГТОЛЦООНД ШИЛЖИХ ЧУХАЛ АЛХАМ
Жиргэх