“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ санаачлан НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран бүтээсэн “Амьдралын 20 судас” хөрөг нэвтрүүлэг СОР17 бага хурлын үеэр нээлтээ хийв.
Зэрлэг амьтдыг усаар хангах зорилгоор Өмнөговь аймагт нийт 20 уст цэг, худаг гаргаж, тэдгээрийг хамгаалж ирсэн Т.Батсүхийн түүхээр дамжуулан, говийн эмзэг экосистемийн онцлог, унаган төрх, байгаль хамгаалалд иргэн хүний оролцоо ямар их чухал болохыг тус хөрөг нэвтрүүлгээр харуулсан аж.
Хөрөг нэвтрүүлгийн гол дүр Т.Батсүхийн санаачилгыг Өмнөговь аймгийн Байгаль орчны газар дэмжсэн ба говийн зэрлэг амьтдын усны чухал эх үүсвэр болсон уг уст цэг, худгаас өнөөдөр сард дунджаар 2000-3000 хар сүүлт, цагаан зээр, хулан, үнэг, чоно, шилүүс зэрэг амьтан ундаалах болсон байна.
Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх, “Манай аймгийн нутаг дэвсгэрт хар сүүлтийн 80 орчим хувь, хулангийн 20 орчим хувь нь амьдардаг. Цаашид уст цэгийн тоог нэмэгдүүлэх, байнгын камерын хяналтад байлгах шаардлага үүссэн” хэмээн тус үеэр ярив. Мөн БСҮХ-ийн мэргэжилтэн О.Оюунтунгалаг, “Бага, дунд боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн болгох бололцоотой” гэдгээ ч хэлэв.
Худгийг арчлах, засах сэлбэх ажлыг Т.Батсүх хариуцан, жилд 16000 км газрыг туулдаг байна.