2026-2027 оны хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ.
Боловсролын яамны мэдээлснээр энэ хичээлийн шинэ жилд бүх түвшний 2457 боловсролын сургалтын байгууллагад 1.3 сая суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 242742 хүүхэд суралцах бөгөөд улсын хэмжээнд 1407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах аж. Тэгвэл Ерөнхий боловсролын сургуульд 843 мянган сурагч сурна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 913 сургууль хүүхдүүдээ хүлээн авна.
Нэгдүгээр ангид Монгол Улсын хэмжээнд 75 мянган хүүхэд элсэн суралцах урьдчилсан тооцоо гарчээ. Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн 38 мянга нь нийслэлд, 37 мянга нь орон нутагт суралцахаар байгаа юм. Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 17-28-нд явуулж дууссан. Энэ тоог өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал нэгдүгээр ангид элсэгчдийн тоо бага зэрэг буурчээ. Тухайлбал, 2024-2025 оны хичээлийн жилд 78 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон бол 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан тооцоогоор 77 орчим хүүхэд элсэхээр байжээ. Харин энэ жил 75838 болж, өнгөрсөн оны урьдчилсан тооноос 2351 хүүхдээр буюу ойролцоогоор гурван хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Тэгвэл их, дээд сургууль болон коллежид 219 мянган оюутан суралцах төлөв гарчээ. Үүнээс 49300 нь мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцана.
Энэ жил боловсролын салбарт зөвхөн шинэ сурагчдыг хүлээн авах бус сургалтын зохион байгуулалтад өөрчлөлт оруулж байгаа юм. Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс өмчийн бүх хэлбэрийн ЕБС-д мөрдөхөөр болсон. Шинэ бүтцийг боловсруулахдаа багш, сурагч, эцэг эхийн санал, цаг уур, хичээлийн агуулгын багтаамж, нийслэлийн агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний үе зэрэг олон хүчин зүйлийг харгалзжээ.