Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан-Үк тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан-Үктэй уулзаж, хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчиход тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн байна. ГИХГ-аас  БНСУ-д эмчилгээний зорилгоор зорчих иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн болон цахим визийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, шаардлага хангасан иргэдийн визийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, гадаад паспортыг удаан хугацаагаар хадгалахгүй байх саналыг уламжилжээ. Мөн БНСУ-ын хил дээрээс буцааж буй монгол иргэдийн асуудлыг хөндөж, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны талаар санал солилцов.  

Дээрх саналын дагуу БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан-Үк Монгол иргэдийн визийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх талаар тодорхой ажил хэрэгжүүлэх, олон удаагийн виз олгох нөхцөл, хамрагдах хүрээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн визийн шалгалтын явцад паспортыг хадгалж буй зохицуулалтыг цаашид эргэн авч үзэх, монгол иргэд эмчилгээний зорилгоор виз авах, зорчиход тулгамдаж буй асуудлыг судлан энэ чиглэлд онцгойлон анхаарал хандуулахаа тодотгосон байна. Үүнээс гадна есдүгээр сараас эхлэн бүлэг жуулчдад цахим визийг туршилтын журмаар олгож эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад удаан хугацаагаар оршин сууж буй насанд хүрээгүй хүүхдүүдийн боловсрол эзэмших, суралцах эрхийг хангах зорилгоор 4800 гаруй асран хамгаалагчид оршин суух зөвшөөрөл олгосон бөгөөд тэдгээрийн 50 орчим хувь нь Монгол Улсын иргэд байгааг онцлов. Мөн БНСУ-ын хил дээрээс буцааж буй иргэдийн асуудлыг уулзалтаар онцгойлон авч үзэж, хил нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг монгол хэлтэй мэргэжлийн орчуулагчаар тодорхой тайлбарлуулах, шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамтай холбож байгааг тэмдэглэсэн. Цаашид санхүү, цаг хугацаагаар хохирч хил дээрээс буцаах эрсдэлийг бууруулах, шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

Түүнчлэн хоёр байгууллагын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг шинэчлэн өнөөгийн нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, “Immigration Dialogue” механизмыг хэрэгжүүлж, практик хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Инчон” олон улсын нисэх буудал болон Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газруудын хооронд шууд харилцах сувгийг бий болгохоор тохиролцлоо. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн