Их Британид Хааны торгон цэргийн үлээвэр найрал хөгжим Букингемийн ордны гадаа Долли Партоны “9 to 5” дууг тоглолоо. АНУ-д Эмпайр-Стэйт-Билдинг барилга ягаан өнгөөр гэрэлтэв. Японы продюсер Сэйжи Камеда талийгаачийг “нар шиг гэрэлтсэн” хоолойтой байсан хэмээн дурсчээ.
Каунтри хөгжмийн домог, дуу зохиогч, жүжигчин Д.Партон өнгөрсөн мягмар гарагт 80 насандаа таалал төгссөн тухай мэдээ цацагдсаны дараа тив тивийн шүтэн бишрэгчид, ерөнхий сайд нараас эхлээд поп одод уй гашуу, хайр хүндэтгэлээ илэрхийлсэн зурвасуудыг илгээсээр байна. Улс төрийн үзэл бодол, нас, хүйс, соёлын өргөн хүрээний үзэгчдийн сэтгэлийг татах ховорхон чадвартай байсан түүнд олон хүн хүндэтгэл үзүүллээ.
Угандагийн сөрөг хүчний удирдагч Боби Вайн X сүлжээнд бичихдээ “Таны дуунууд бидэнд хэрхэн дурлах, мөн зүрх сэтгэлээ хэрхэн илэрхийлэхийг зааж өгсөн. Бид таныг үргэлж хайрлах болно” хэмээн бичжээ.
Их Британийн поп шүтээн Элтон Жон түүнийг “хамгийн сайхан сэтгэлтэй агуу уран бүтээлч” хэмээн нэрлэжээ.
Пол Маккартни “Доллигүй ертөнцөд амьдарна гэдгийг төсөөлөхөд бэрх байна” гэж бичжээ. Түүний дуу зохиох, дуулах, хариу нэхэлгүй хийсэн өчнөөн буяны үйлс нь каунтри хөгжмийн ертөнцөд юутай ч зүйрлэшгүй байсан гэж тэрбээр онцлов.
Их Британийн Хааны гэр бүл олон нийтийн сүлжээнд “Маш олон хүнд баяр баясгалан, тайтгарал, урам зориг бэлэглэсэн агуу Доллиг дурсан санаж байна” хэмээн нийтэлжээ.
Хааны гэр бүл X хуудсандаа сая сая хүүхдэд үнэгүй ном бэлэглэсэн түүний “Imagination Library” зэрэг сайн үйлсийн ажлуудыг нь дурсаж, “Бид таныг үргэлж хайрлах болно” хэмээн бичжээ.
Тэрбээр 1979 онд Японд ганцхан удаа тоглолтоо хийж байжээ. Гэсэн хэдий ч хөгжмийн алдарт продюсер, “Tokyo Jihen” рок хамтлагийн басс гитарчин Камеда дунд сургуулийн нэгдүгээр ангид байхаасаа л Партоны хоолойд татагдсан гэдгээ хэлжээ. Тэрбээр X нийгмийн сүлжээний хуудсандаа “Түүний хоолой … үүрд мөнхөрнө. Тайван нойрс доо” хэмээн бичиж үлдээжээ.
Хөгжмөөс гадна нийгэмд оруулсан хувь нэмрийг нь улстөрчид өндрөөр үнэлж байна.
Их Британийн Ерөнхий сайд Энди Бернхэм сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “дэлхийн бүх хүүхдийг бичиг үсэгт сургахын төлөө хийсэн түүний хийсэн ажлыг өндрөөр үнэлдэг, үнэнч шүтэн бишрэгч нь байсан” гэлээ. “Тэрбээр маш их эрч хүчтэй, агуу амьдарсан бөгөөд түүнийг маш их үгүйлэн санах болно” хэмээн нэмж хэлэв.