COP17-гийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн бэлэн байдлыг 77 инженер хангаж байна

Улаанбаатар //. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр оролцогчдын харилцаа холбоо, интернэт сүлжээ, мэдээллийн технологийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд Монголын талын инженер, техникийн ажилтнууд, НҮБ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.

СОР17-гийн хурлын үеэр харилцаа холбооны бэлэн байдлыг хангах “ICT Response Team” багт ажиллаж байгаа Мэдээлэл, холбооны сүлжээ компанийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Одхүү хэлэхдээ, “COP17 зохион байгуулж буй бүс рүү Улаанбаатар хотын зүүн, төвийн хэсгээс хоёр талаас нь найдвартай, аюулгүй сүлжээний холболт оруулж ирсэн. Ингэснээр сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцөл бүрдэж байна. Манай баг COP17 зохион байгуулж буй бүсийн харилцаа холбооны сүлжээ, Wi-Fi, интернэт үйлчилгээ, галын аюулгүй байдлын систем, камер, тусгай зориулалтын сүлжээ зэрэг бүх төрлийн сүлжээ, үйлчилгээг тасралтгүй, найдвартай ажиллуулах үүрэгтэй. Мөн НҮБ-ын талаас ирж ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон салбарын харьяа байгууллагаас гадаад хэлний мэдлэгтэй, холбогдох чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг ажиллуулж байна. Тэд хурлын үеэр оролцогчдын компьютер, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахын зэрэгцээ үйл ажиллагааг зохион байгуулагч НҮБ-ын ажилтнууд Монгол Улсад үүрэн холбооны үйлчилгээг хэвийн ашиглах нөхцөлийг бүрдүүлж байна. Үндсэн Wi-Fi, интернэтийн үйлчилгээг цэнхэр бүсэд Mobinet, ногоон бүсэд Summit компани хариуцан ажиллаж байна. Харин Мэдээлэл, холбооны сүлжээ компани нь шилэн кабель, хотын доорх худаг, сувагчлал зэрэг дэд бүтцийн хэвийн ажиллагааг хариуцаж байгаа” гэв.

Хурлын оргил ачааллын үеэр сүлжээний хэрэглээ ойролцоогоор 4.7 Гбит/секунд хүрсэн байна. Тухайлбал, томоохон үйл ажиллагааны нэг болох Сайд нарын уулзалт зохион байгуулсан үндсэн зааланд ойролцоогоор 1,500 хүн нэгэн зэрэг сүлжээнд холбогдсон ч ямар нэгэн тасалдал гараагүй, сүлжээ хэвийн ажиллажээ.

COP17 төслийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын сүлжээний инженер Б.Шагайхүү ярихдаа, “COP17 төслийн ажлыг 2025 оны 3 дугаар сараас эхлэн хурлын зарлан мэдээлэх систем, галын дохиолол, интернэт сүлжээ, шилэн кабель, CCTV камер болон бусад холбоо, дохиоллын системийн төлөвлөлт, зохион байгуулалтыг НҮБ-ын төлөвлөлтийн багтай хамтран хийж, төлөвлөсөн ажлуудыг үе шаттай  хэрэгжүүлсэн.  Мөн COP17 хурлын түр барилга, байгууламжуудын холбоо, дохиоллын системийн зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулсан. Уг төслийн цэнхэр бүсэд 31 хурлын өрөө, хоёр том хурлын заал ажиллаж байна. Эдгээрт ашиглах микрофон, хурлын тоног төхөөрөмж, холбогдох системийн төлөвлөлт, суурилуулалтыг НҮБ-ийн төлөвлөлтийн багтай хамтран хийсэн” гэв.

Үүрэн холбооны үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд Юнител, Мобиком, Скайтел зэрэг гурван оператор компани хоёр байршилд нийт долоон бааз станц байршуулан ажиллаж байна.

Одоогийн байдлаар “ICT Response Team” багийн бүрэлдэхүүнд 77 хүн тогтмол ажиллаж байна. Үүнд НҮБ-ын талтай компьютер, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллаж буй 10 мэргэжилтэн, Монголын талын байгууллага, компаниудаас ажиллаж буй 20 гаруй хүн,  туслан гүйцэтгэгч байгууллагын ээлжээр ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд багтаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн