СӨҮЛ, 2026 оны наймдугаар сарын 27 /Kyodo/. Өмнөд Солонгосын ахлах дасгалжуулагч Ким Сан Сик Вьетнамын шигшээ багийг Зүүн Өмнөд Азийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд хоёр дахь удаагаа дараалан түрүүлэхэд нь удирдан хөтөлжээ.
Лхагва гарагийн орой Ханой хотод өндөрлөсөн АСЕАН-ы Хьюндай цомын шигшээ тоглолтод Вьетнамын баг Тайландыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-2 харьцаатайгаар буулган авлаа. Өнгөрсөн бямба гарагт Бангкок хотноо болсон эхний тоглолтод Вьетнам 2-0 харьцаатай хожсон бол өчигдөр хоёр баг 2-2 харьцаагаар тэнцжээ.
Хоёр жил тутамд болдог тус тэмцээн энэ онд 16 дахь удаагаа явагдсан бөгөөд Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани анх удаа ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон байна.
Энэ удаагийн аварга цол бол Вьетнамын хувьд 4 дэх удаагийнх бөгөөд Өмнөд Солонгосын ахлах дасгалжуулагчдын удирдлага дор авсан гурав дахь түрүү юм. Өмнө нь 2018 онд Пак Хан Со, 2024, 2026 онуудад дасгалжуулагч Кимийн удирдлага дор вьетнамчууд аваргалж байв.
Ким мөн Вьетнамын 23 хүртэлх насны шигшээ багийг дасгалжуулж 2025 оны AСЕАН-ы 23 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээний түрүү, Зүүн Өмнөд Азийн наадмын алтан медальд хүргэж байжээ.
Вьетнамын насанд хүрэгчдийн шигшээ баг одоогийн байдлаар 26 тоглолт дараалан ялагдал хүлээгээгүй (22 хожил, 4 тэнцээ) байгаа нь тус улсын хувьд дээд амжилт болж байна.