Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 17 дугаар бага хурлыг даргалж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг бага хурлын хүрээнд өчигдөр зохион байгуулагдсан Жендэрийн бүлгийн хуралдааныг даргалж, нээлтийн үг хэллээ.
Тэрбээр энэ бүлэг нь дээрх конвенцын хүрээнд жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр холбогдох бүх тал хүчин чармайлтаа нэгтгэх боломжийг олгож байгааг онцлоод конвенцын хүрээнд гарч буй шийдвэр бүр эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдрал, аж байдалд нөлөөлж байдгийг тэмдэглэв.
Монгол Улс гадаад бодлогодоо жендэр, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг чухалчлан тавьдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн дурдаад манай улсаас санаачлан зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын форум, Дэлхийн эмэгтэйчүүдийн форум, Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форумын үр дүнгийн талаар танилцууллаа.
Жендэрийн бүлгийн хуралдааны панель хэлэлцүүлгийг Финландын Ерөнхийлөгч асан Тариа Каарина Халонен удирдан явуулж Ангол, Эквадор улсын байгаль орчны сайд нар, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч, Цөлжилттэй тэмцэх конвенцын одоогийн болон өмнөх Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар болон Монгол Улсын Ерөнхий сайдын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх нар оролцов.
Түүнчлэн жендэрийн бүлгийн сэдэвчилсэн хэлэлцүүлгээр Австрали, Уганда, Энэтхэг, Бразил зэрэг улсын хөдөө аж ахуй эрхлэгч, малчдын төлөөлөл өөрсдийн туршлага, шинэ санаачилгыг хуваалцан танилцуулахаас гадна тулгарч буй асуудал, түүний дотор газар эзэмших эрхтэй холбоотой бэрхшээл зэргийг хөндөн ярилцлаа.