Цасан нуранги бол уулчдын хувьд хамгийн аюултай үзэгдлүүдийн нэг. Асар их хэмжээний цас өндрөөс уурын галт тэрэг адил эрчийг аван уруудахдаа цагт 130 км хүртэл хурдалдаг гэдэг. Энэ өвөл Европ даяар цасан нуранги аюулын харанга дэлдээд буйг “CNN” агентлаг анхааруулжээ. Хамгийн сүүлд л гэхэд Калифорнийн цасан нурангиар есөн цаначин амиа алдсан.
Европын цасан нуранги анхааруулах албаны мэдээлснээр, 2025 оны аравдугаар сараас хойш бүс нутагт дор хаяж 99 хүн нас баржээ. Тэдгээрийн ихэнх нь Альпийн нуруунд, бусад нь Франц, Итали, Швейцарь, Австри зэрэг хэд хэдэн орны уул нуруудад амиа алдсан байна.
Тухайлбал, Франц улсад сүүлийн хоёр сарын дотор 28 хүн цасан нурангинаас болж нас барав. Энгийн үед өвлийн улиралд дунджаар найман хүн цасан нурангинаас болж амиа алддаг. Гэтэл энэ жил нас баралтын тоо хэвийнээс хэтэрсэн өндөр үзүүлэлттэй байгааг Францын Цас, цасан нуранги судлах үндэсний холбоо мэдээлжээ.
30 хэмээс дээш эгц налуу, шинэхэн эсвэл хайлж буй цас, салхи, хүн, амьтан гэсэн хүчин зүйлүүд бүрэлдсэнээр цасан нуранги үүсдэг. Ийм нөхцөл байдал өндөр уултай газарт байнга үүсэх нь тодорхой ч гэлээ энэ өвөл урьд урьдаас илүү аюултай байна.
Арваннэгдүгээр сард анхны цас орсны дараа хэсэг хугацаанд агаарын даралт өндөр байдаг. Энэ үед орсон цас хуучин цасан давхаргатай наалдаж, нийцэхдээ муу. Ийм цас дангаараа аюулгүй ч гэлээ дахин шинэ цас давхарлаж орсноор амархан хөдлөмтгий, гулгамтгай болж, улмаар цасан нуранги үүсдэг ажээ. Тэгэхээр сүүлийн хэдэн долоо хоногт Европ даяар орсон шинэ цасны улмаас цаг агаарын эрс тэс үзэгдэл нүүрлэж буй нь энэ юм.
Цасан нурангийн давтамжид уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж буй эсэхийг шууд дүгнэхэд хэцүү гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Хур тунадасны хэмжээ хэлбэлзэлтэй байх нь цасан давхаргыг улам нягтруулж ч болох юм.
Түүнчлэн нурангинаас болж амиа алдагсдын олонх нь уулчин бус жуулчин байгааг албаныхан онцолж байна. Мэргэжлийн тамирчид, уулчдын хувьд авирах, цанаар гулгах газартаа цаг хугацаа зарцуулан байж, үнэлэлт дүгнэлт хийдэг. Гэтэл жуулчдад тийм цаг хугацаа байхгүй тул эрсдэлд орох нь элбэг байна.