Парист суух АНУ-ын Элчин сайд Чарльз Кушнерыг Францын засгийн газрын сайд нартай шууд харилцаа холбоо тогтоохыг нь хоригложээ. Гэхдээ Кушнер албан үүргээ гүйцэтгэсэн хэвээр байх юм.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро түүнийг дуудахад очиж уулзаагүй учир ийм шийдвэр гарсан бололтой. Чарльз Кушнер Францын хэт барууны үзэлтэй идэвхтэн Квентин Деранкийн үхэлтэй холбоотой зүй бус сэтгэгдлийг цахим сүлжээндээ бичсэн учир Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро түүнийг дуудсан аж.
Хэт барууны үзэлтэй идэвхтэн, 23 настай Квентин Деранк хоёрдугаар сарын 12-нд Лион хотод зодооны үеэр толгойдоо хүнд гэмтэл авч, улмаар хоёр өдрийн дараа нас баржээ. Тухайн үеийн бичлэгийг харвал маск зүүсэн хэдэн хүн Деранкийг өшиглөж, цохиж унагааж байсан. Энэ бичлэг Франц даяар тархаж, хүмүүсийн ундууцлыг төрүүлсэн юм.
Деранкийн үхэлтэй холбоотойгоор нийт 11 хүнийг баривчилж, хоёр хүнд ял оноосон.
Энэ явдлыг АНУ-ын Төрийн департаментын Терроризмын эсрэг товчоо зүүн жигүүрийнхний хүчирхийллийн үр дүн гэж мэдэгдсэн байна. Мөн “Хүчирхийлэлд суурилсан зүүний үзэл улам ихэсч байна, цаашилбал энэ үзэл нийгэмд ямар хор хөнөөлтэй болохыг Квентин Деранкийн үхэл харууллаа” гэжээ.
Гэтэл “Х” платформ дээрх тус жиргээг Франц дахь АНУ-ын Элчин сайдын яам өнгөрсөн Баасан гаригт /2026.02.20/ өөрсдийнхөө хаягаар хуваалцсан аж. Энэ нь Францын хэрэгт хөндлөнгөөс оролцож буй хэрэг гэж тус улсын Гадаад хэргийн яам үзсэн тул түүнийг дуудуулжээ.
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони ч бас энэ хэргийг зүүн жигүүрийн хэт даврагч бүлэглэлүүд үйлдсэн гэж мэдэгдсэн. Үүнээс болж Франц, Итали хоёр улсын харилцаа сайнгүй байна.
Дашрамд дурдахад, Франц улсад суух АНУ-ын Элчин сайд Чарльз Кушнер нь Трампын хүргэн Жаред Кушнерын аав юм. Түүний Францын эрх баригчдын шүүмжлэлд өртөж, дуудагдсан тохиолдол ганц үүгээр дуусахгүй. Тодруулбал, 2025 оны наймдугаар сард Чарльз Кушнер Францын засгийн газрыг антисемитизмтэй тэмцэх хангалттай арга хэмжээ аваагүй гэж шүүмжилсэн. Энэ мэдэгдлийнх нь дараа Францын Гадаад хэргийн яам түүнийг дуудуулсан боловч мөн л очоогүй аж.
