Монгол, Германы байгаль орчны хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 23 //. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагыны яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Жохан Шаатхоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, Европын Холбоо, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаа, талуудын байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хамгаалах, усны нөөцийн зохистой ашиглалт, ойн тогтвортой менежментийн чиглэлээрх хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд байгаль орчны хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийг тодорхойлох, хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгоход Монгол Улсын холбогдох яам болон Германы Сэргээн босголт хөгжлийн банк (KfW)-ны хоорондын уялдаа холбоог сайжруулж, зөвлөлдөх механизмыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутаг, ойн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх үйл явцын явц, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Энэ хүрээнд байгаль орчны бодлого, шийдвэр гаргах үйл явцад төрийн бус байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн оролцоог хангах нь чухал болохыг талууд тэмдэглэлээ.

Сайд Ц.Сандаг-Очир байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад тулгуурласан тогтвортой эдийн засгийн хөгжлийн бодлогыг Монгол Улс хэрэгжүүлж байгааг онцолж, ойн нөөцийн бүртгэл, тооллогын тогтолцоог сэргээж, боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Монгол, Германы байгаль орчны хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн