Hyundai Motor-ын ажилчид ажил хаяжээ

СӨҮЛ, 2026 оны наймдугаар сарын 22 /Kazinform/. Hyundai Motor компанийн удирдлагатай цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хороо өргөн хэмжээний ажил хаялт зохион байгуулж эхэлжээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлснийг Kazinform дамжууллаа.

Энэ бол сүүлийн 10 жилийн хугацаан дахь анхны 8 цагийн ажил хаялт бөгөөд Өмнөд Солонгосын хэд хэдэн автомашины үйлдвэр зогссон байна.

Ажил хаялтад үйлдвэрчний эвлэлийн гишүүн 39 мянга орчим хүн оролцож байгаа бөгөөд Hyundai Motor компанийн Ульсан, Чонжү, Асан хотууд дахь үйлдвэрлэлийн шугамууд 16 цагийн турш зогсжээ.

Цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаарх үйлдвэрчний эвлэл ба компанийн удирдлагын хоорондох хэлэлцээ тавдугаар сараас хойш үргэлжилж байгаа юм. Баасан гаргийн ажил хаялтыг оролцуулаад ажилчид нийт 60 цагийн турш ажил хаяад байна. Хэрвээ ажил хаялт үргэлжлэх аваас 55 мянга 200 автомашин үйлдвэрлэх боломж алдагдаж, борлуулалтын орлого 2.3 их наяд воноор /1.64 тэрбум ам.доллар/ буурна гэж салбарын шинжээчид тооцоолжээ.

Харин үйлдвэрчний эвлэл ирэх даваа, мягмар гаргуудад дахин дөрвөн цагийн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Цалинг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр урамшуулал олгох, халагдсан ажилчдыг ажилд нь эргүүлэн авахыг үйлдвэрчний эвлэл шаардаж байгаа юм.

Hyundai Motor-ын охин компани болох Kia-д ч ажил хаялт болж магадгүй байна. Тус компанийн ажилчдын үйлдвэрчний эвлэлээс компанийн үйл ажиллагааны ашгийн 30 хүртэлх хувийг шагнал урамшуулал болгон ажилчдад олгох, суурь цалинг нэмэгдүүлэх шаардлагуудыг тавьжээ.

Саяхан Өмнөд Солонгосын Samsung Electronics компанийн үйлдвэрчний эвлэл ажил хаялт зохион байгуулсан нь сүүлийн 55 жилд болоогүй ажиллагаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн