Өв соёлыг зөвхөн музейн үзмэрээр бус, өөрийн гараар урлаж, биеэр мэдэрч сурах боломжийг “Язгуур соёлын наадам” олгож байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Open Theatre” талбайд байрлах, “Хубилай хааны намрын ав” зурагнаас сэдэвлэн бүтээсэн өргөө гэрт өдөр бүр язгуур соёлын үнэ төлбөргүй сургалтууд зохион байгуулагдаж буй.
Энд ирсэн хүн бүр Монголын уламжлалт ахуй, урлаг, гар урлалтай танилцахаас гадна өөрийн биеэр туршиж үзэх боломжтой. Морин хуурын анхан шатны хичээл, хөөмий, бий биелгээ, шагайн наадгай, язгуур дээл урлах арга барил зэрэг сургалтыг тухайн чиглэлийн урлаач, багш нар үнэ төлбөргүй зааж байна.
Сургалтын хамгийн онцлох хэсгийн нэг нь XIII-XIV зууны үеийн монгол язгуур дээл, уужны түүхэн ач холбогдлыг танилцуулсан хөтөлбөр байлаа. “Язгуур” брэндийг үүсгэн байгуулагч, урлаач П.Даланжаргал “Уужийг өнөөдрийн ойлголтоор зөвхөн дулаан хувцас гэж үзэх нь өрөөсгөл. Тухайн үеийн Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүс агсарга бүс зүүж, түүндээ илд, хутга, богц зэрэг өдөр тутмын хэрэглэлээ авч явдаг байсан. Морин дээр удаан хугацаагаар явах үед эдгээр эд зүйлс дотор өмссөн нарийн торгон дээлийг үрж гэмтээх эрсдэлтэй байсан тул түүнийг хамгаалах зориулалтаар гадуур нь ууж өмсдөг байсан. Мөн уужийг нэг суганаас нөгөө суга хүртэл бүслэн өмсөхөд зөв, буруу эргэсэн хас тамганы дүрс үүсдэг нь зүгээр нэг хийц бус, тухайн үеийн бэлгэдлийн утгыг илэрхийлдэг.
Энэхүү ууж нь 500 гаруй жилийн турш төрийн дүрэмт хувцасны нэг хэсэг байсан түүхтэй” гэдгийг онцолсон юм.
Дээл урлаачдын гэр бүлд өсөж, 30 гаруй жилийн турш энэ ахуйтай хамт амьдарсан П.Даланжаргалын хэлснээр өвөг дээдсийн үлдээсэн эд зүйл бүр гоёл чимэглэлээс илүүтэй амьдралын хэрэгцээ, байгаль цаг уур, морин соёлд нийцүүлэн бүтээгдсэн байдаг. Монголчуудын хувцас, эдлэл хэрэглэл бүр нүүдлийн амьдралын хэв маягт тохирсон шийдэлтэй байсан бөгөөд энэ нь эзэнт гүрний цэргүүд дэлхийн талыг туулахад өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болж байжээ.
Тэрбээр “Монгол цэргүүд дэлхийн талыг туулахдаа язгуур хувцсаа өмсөж, өөрсдийн ахуй, соёлыг дэлхийд таниулж чадсан” хэмээн ярьсан юм.
Энэхүү сургалтын онцлог нь оролцогчид өөрсдөө үйл урлаж, тоглож, хөгжмийн зэмсэг барьж, хөдөлгөөн сурах боломжтой. Өдөр бүр өргөө гэрт хүүхдийн инээд цалгиж, морин хуурын аялгуу, хөөмийн өнгө эгшиг ээлжилж, үндэсний хувцас өмссөн залуус бий биелгээ сурах нь хотын амьдралын хэмнэл дунд язгуур соёлыг амьд хэлбэрээр мэдрүүлэх өвөрмөц орчныг бүрдүүлжээ.
Хэрэв та энэ зун Монголын уламжлалт соёлыг илүү ойроос мэдэрч, өвөг дээдсийн ур ухааныг өөрийн биеэр туршиж үзэхийг хүсвэл нэг өдөр цаг гарган өргөө гэрээр зочлоход илүүдэхгүй. Магадгүй та дээл, уужийг өмнөхөөсөө өөрөөр харж, өв соёлын үнэ цэнийг шинэ өнцгөөс мэдэрч буцах биз ээ.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ