Трамп, Вэнс нар Ираны дайны талаар зөрчилдөөнтэй мэдэгдлүүд хийжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нар Ираны дайны талаар зөрчилдөөнтэй мэдэгдлүүд хийжээ. Тодруулбал, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “Ираны дайнтай холбоотой АНУ-ын засаг захиргааны нэн тэргүүний зорилго бол газрын тос, шатахууны үнийг хямд байлгах явдал. Харин хоёр дахь зорилго нь Ираныг цөмийн зэвсэггүй байхыг баталгаажуулах явдал” гэжээ. Тэгвэл Дональд Трамп Даваа гаригийн /2026.08.17/ мэдэгдэлдээ “Бидний нэн тэргүүний зорилго бол Ираныг цөмийн зэвсэг эзэмших боломжгүй болгох явдал. Үргэлж ийм байсаар ирсэн” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс шатахууны үнийг нэн тэргүүнд тавьсан ч Трамп тэгсэнгүй.

Бүгд найрамдах намын зарим гишүүн шатахууны үнэ хэт өндөр байгааг хүлээн зөвшөөрсөн ч Трамп үүний төлөө уучлал гуйхгүй гэж мэдэгдсэн билээ. Ирантай холбоотой цэргийн шийдвэрүүдийг гаргахдаа АНУ-ын дотоод эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой гэсэн санааг Трамп өмнө нь ч няцааж байсан удаатай. Америкчуудын санхүүгийн асуудал Ирантай тохиролцоонд хүрэх шийдвэрт нөлөөлж байгаа юу гэж түүнээс асуухад “Огтхон ч үгүй” гэж хариулж байсан юм. Тэрбээр “Ираны тухайд тэд цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэдэг нь л надад хамаатай. Би америкчуудын санхүүгийн нөхцөл байдлын талаар бодохгүй байна. Би ер нь хэний ч талаар бодохгүй байна. Ганц л зүйл бодож байгаа нь Ираныг цөмийн зэвсэгтэй болгож болохгүй гэдэг бодол. Тэгээд л боллоо” гэжээ.

Ж.Д.Вэнсийн мэдэгдлийн талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Кэролин Левитт тайлбар өгөхдөө “Ерөнхийлөгчийн хувьд хоёр зорилго хоёулаа ялгаагүй чухал. Мэдээж бид шатахууны үнийг хямд байлгахыг хүсч байна. Засаг захиргаа зах зээлийг тогтвортой байлгахын тулд маш их зүйл хийсэн. Гэхдээ Ираныг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй байхыг баталгаажуулах нь ерөнхийлөгчийн нэн тэргүүний зорилго. Тэр үүнийг ямар нэг байдлаар заавал хэрэгжүүлэх болно” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн