Энхийн зөвлөлийн төлөөлөгчид Израил, Египетэд очно

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 15 /Kazinform/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилгаар байгуулагдсан Энхийн зөвлөлийн төлөөлөгчид ирэх долоо хоногт Израил болон Египетэд очиж, ХАМАС бүлэглэлийн зэвсгийг хураах, Газын зурваст нөхцөл байдлыг зохицуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар хэлэлцээ хийнэ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер, Энхийн зөвлөлийн тусгай төлөөлөгч Николай Младенов, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр нар багтсан бөгөөд тэд ням гарагт Израилд ирэх төлөвтэй байна.

Ж.Кушнер Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху болон өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийж, ХАМАС-ын зэвсгийг хураах тухай 7 дугаар сарын 30-нд баталсан төлөвлөгөөг хэлэлцэнэ. Нетаньяху уг төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзсаны дараа асуудал мухардалд орсон юм. Тэрбээр мэдэгдэхдээ, ХАМАС хөдөлгөөн хүнд болон хөнгөн зэвсгээ бүрэн хураалгахаас нааш Израилын арми эзэлсэн байрлалаасаа ухрахгүй гэжээ.

Харин Газад цохилт өгөхөө зогсоох, 2025 оны 10 дугаар сард хийсэн гал зогсоох тохиролцооны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-ын тал Израилд ятгасаар байгаа юм. Эдгээр нөхцлийг биелүүлсэн тохиолдолд ХАМАС-ын зэвсгийг хураах боломж бүрдэнэ хэмээн Энхийн зөвлөл үзэж байна.

The Times of Israel сонинд бичсэнээр, Израилын тал долоо хоног гаруйн хугацаанд Газын зурвас руу гал нээгээгүй боловч энэ долоо хоногт байлдааны ажиллагаа дахин сэргэжээ. Израилчууд ХАМАС-ын нэг цэргийн командлагч болон цагдаагийн газрын даргыг устгасан байна.

Израилд хэлэлцээ хийснийхээ дараа төлөөлөгчид Каирт очих бөгөөд Египетийн талтай хийх хэлэлцээнд Катар, Туркийн төлөөлөл оролцож магадгүй байна.

Axios цахим хуудсанд бичсэнээр, 10 дугаар сарын 27-нд болох Израилын парламентын сонгууль нь Газын энхийн төлөвлөгөөний дараагийн үе шатны хэрэгжилтэд саад учруулах вий хэмээн Вашингтон болгоомжилж байгаа ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн