Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг өнөөдөр Японы хөгшрөлтийн эсрэг шүдний эмч нарын холбооны ерөнхийлөгч Торү Мацуо тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг уулзалтын эхэнд хэлэхдээ, “Монгол иргэдийн дунд, тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл анхаарал татах түвшинд хүрээд буй энэ цаг үед Япон Улсын шүд, амны хөндийн эрүүл ахуйн тэргүүлэх зэргийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсад хүрэлцэн ирж, мэдлэг туршлагаасаа хуваалцаж буйд талархал илэрхийлье.
Шүд, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр хуримтлуулсан Япон Улсын туршлага, Монголын эмч, судлаачдын мэдлэгийг нэгтгэснээр манай улсын онцлогт тохирсон, хэрэгжих боломжтой бодлогын шийдлийг бий болгож чадна гэдэгт найдаж байна. Монгол, Япон хоёр талаас тодорхой хугацаанд ярьсан Шүд, эрүү нүүрний үндэсний төв байгуулах санаачилга өнөөдөр ийнхүү нэг шат ахиж, бодит ажил хэрэг болж буйд баяртай байна” гэлээ.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд Монгол оронд хүрэлцэн ирсэн энэхүү хугацааг үр дүнтэй, бүтээмжтэй өндөртэй, дурсамж ихтэй өнгөрүүлэхийг хүсээд, дараа дахин уулзахыг ерөөв.
Японы хөгшрөлтийн эсрэг шүдний эмч нарын холбооны ерөнхийлөгч Торү Мацуо төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг төлөөлж хэлэхдээ, хоёр тал нүүр тулж уулзах боломж олгосон Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг болон Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан нарт талархал дэвшүүлээд, ойрын үед үүнээс ч илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс шүдний эмч мэргэжилтнүүдийг сургаж төгсгөхийн зэрэгцээ шүдний эрүүл ахуйч нарыг бэлтгэхэд анхаарах шаардлагатай. Учир нь, шүдний эрүүл ахуйч нарын нийгэмд үзүүлэх нөлөө шүдний эмч нараас хамаагүй илүү болохыг тэрбээр энэ үеэр зөвлөсөн юм.
Японы хөгшрөлтийн эсрэг шүдний эмч нарын холбоо нь шүдний эмч, шүдний эрүүл ахуйч, хоол зүйч зэрэг 1,300 орчим мэргэжилтнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд амны хөндийн эрүүл мэндээр дамжуулан эрүүл урт наслах, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр судалгаа, эмнэл зүйн үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн нэр хүндтэй байгууллага юм.
Тус холбооны гишүүд энэ сарын 11-16-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.


