Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” олон улсын монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Монгол хэл судлалын салбар хуралдаанд судлаач Ш.Баттөгс “Дунд үеийн монгол бичгийн дурсгалын үгийн сангийн онцлог”-ийг тайлбарлахдаа, “Дунд үеийн монгол бичгийн дурсгалын үгийн сангийн онцлог, харь үг, үгийн утгын судалгаа хөгжих хандлагатай байна. Судалгаагаар монгол бичгийн дурсгалын үгийн сангийн онцлог, тухайлбал харь үг, хоршоо үг, хуучирсан, мөхсөн, утга шинжсэн, тогтвортой нийлмэл, утга салаалсан, хэлц үг, зарим үгийн гарал, нэр томьёог тодорхой эх сурвалж, баримтад тулгуурлалаа. Бичгийн дурсгал дахь үг хэллэг нь тухайн нийгэм цаг үеийн тусгал учир түүх, эдийн соёлын чухал баримт болдог. Тухайлбал 13-14-р зууны үед хамаарах араб-перс-түрэг-монгол хэлний тольд “bori, boriin jimis, bortu ayaga, borun ger” гэх мэт үг хэллэг бий. Энэ нь жимсний архи буюу дарсны аяга, зоорь гэсэн утгатай, тухайн үед монголд дарс хэрэглэж байсан, үгүйдээ энэ соёл монголд нэвтэрсний гэрч юм. Мөн үеийн дурсгалд “засаг” гэх үг их тохиолддог нь тэр үед татвар гэсэн утгатай байсан бол одоо засгийн газар, эдийн засаг гэхчлэн утга нь өргөжсөн. Энэ үеийн дурсгал дахь олон үг хэллэгийг зарим судлаач түрэг, араб, перс гаралтай гэдэг ч судалгааны явцад Алтай язгуурын дундын үг, зарим нь уугуул монгол үг байх баримт цөөнгүй байна” гэсэн юм.
Монгол хэлний эрчимжүүлэн чимэх үгсийн хэрэглээг найруулгын үүднээс тодорхойлох судалгааны талаар Японы монгол судлаач Ямада Ёхэй илтгэлдээ, “Эрчимжүүлэн чимэх үгс нь голдуу тэмдэг нэрийг тодотгож, шинж чанарын хэмжээг зааж, тэмдэг нэрийн ангиллын тодорхойлолтыг нөхөх үүрэг гүйцэтгэдэг. Монгол хэлний судалгаа өнөөг хүртэл ихэнхдээ бичгийн хэлд тулгуурлаж ирсэн бол энэ судалгаанд YouTube-ийн харилцан ярианы бичлэгээс ярианы хэлний өвөрмөц корпусыг бүрдүүлж, одоо байгаа бичгийн хэлнийхтэй харьцуулна. Судалгаагаар олон давтамжтай тэмдэг нэрсийг түүвэрлэн, тэдгээрийн өмнөх үгсийг ялгаж авснаар эрчимжүүлэн чимэх үгсийн үүрэг гүйцэтгэдэг үгийн санг тогтооно. Хэрэглээний давтамж, хам хэрэглээний хэв маягийн ялгааг тодорхойлж, ярианы хэлний өвөрмөц үгсийн сонголт, давтамжийн зөрүүг илрүүлнэ. Энэ нь одоо үеийн монгол хэлний хувьсал, өөрчлөлтийг ойлгох суурь мэдлэг олгож, цаашид үгийн сангийн сургалт, хэл шинжлэлийн салбарт хувь нэмэр оруулах юм” хэмээв.
Судлаач Э.Уранбилэг “Монгол хэл шинжлэлийн нэр томьёог компьютерт ялган таниулах судалгаа“-ны талаар ярихдаа, мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед нэр томьёог компьютерт ялгаж таниулах нь хэл шинжлэлийн судалгааны чухал чиглэл болсон. Монгол хэл шинжлэлийн нэр томьёо нь хэлний бүтэц, хэл зүйн тогтолцоог тайлбарлах гол ухагдахуун төдийгүй хэлний өгөгдлийг бүтэцжүүлэн боловсруулах суурь болдог. Иймээс судалгаанд монгол хэлний зүйн бүтээл дэх хэл шинжлэлийн нэр томьёог судалгааны обьект, Б.Ринчений “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлийг эх сурвалж болгосон. Уламжлалт хэл шинжлэлийн арга зүйг орчин үеийн технологитой хослуулан онол, хэрэглээний түвшинд судаллаа. Тухайлбал, монгол хэлний зүйн бүтээлийн корпус байгуулж, электрон толь бичиг зохион, нэр томьёог компьютерт ялган таниулах туршилт хийсэн. Судалгаа нь хэл шинжлэл, мэдээлийн технологи, машин орчуулга, хэлний боловсролд дахин ашиглах боломжтой суурь өгөгдөл бий болгосон” гэлээ.

Олон Улсын Монгол Судлалын Холбоо, ЕТГ, ЭЗХЯ, ГХЯ, ССАЖЗЯ, БЯ, АЕГ, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран энэ сарын 13-ныг хүртэл зохион байгуулж буй монголч эрдэмтний хурал “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн хичээлийн I, II байр, Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд салбар хуралдаанаар үргэлжлэх юм. Энэ үеэр монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл тавина.
Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар хурлыг 1959 онд Улаанбаатарт зохион байгуулж, 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож байжээ. Өнгөрсөн 12 удаагийн хуралд 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн судлаач монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатны зүй, шашин, соёл, олон улсын харилцаа судлал зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй илтгэл хэлэлцүүлж байжээ.