БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир ШУА-ийн эрдэмтэн, судлаач нарыг COP17 хурлын талбайд хүлээн авч, хурлын бэлтгэлийг танилцуулан, манай улсын дэвшүүлж буй санаачилга оролцоог онцлон санал солилцов.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаад байна. Энэ хариуцлагатай, чухал цаг үед шинжлэх ухаан, судалгааны салбарын оролцоо, бидний боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад сайд Ц.Сандаг-Очир талархал илэрхийлээд, СОР17-г эх орондоо зохион байгуулах нь зөвхөн олон улсын томоохон хурал хийгээд өнгөрөх бус, Монголын шинжлэх ухаан, судалгаа, хуримтлуулсан мэдлэг, туршлагыг олон улсад хүргэх, дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монголын онцлогт тулгуурласан шийдэл, сайн туршлагыг дэлхийд таниулах боломж гэдгийг тодотголоо.
Дэлхий нийт газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг харилцан уялдаатай, улам бүр газар авч буй сорилттой тулгарч байна. Эдгээрийг үр дүнтэй шийдэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, нотолгоонд суурилсан шийдвэр, салбар хоорондын нягт уялдаа холбоо чухал байгаа юм. Монгол Улс энэ чиглэлээр олон жилийн турш хуримтлуулсан арвин мэдлэг, туршлагатай. Бид одоо “Юу мэдэж байна вэ?” гэдгээс “Энэ мэдлэгээ хэрхэн бодит шийдэл, үр дүн болгох вэ?” гэсэн дараагийн шатанд шилжих шаардлагатайг тэрбээр дурджээ.