Филиппиний Цагаачлалын товчоо (BI) нь тус улсын Зэвсэгт хүчин (AFP) болон бусад хууль сахиулах, тагнуулын байгууллагуудтай хамтран Замбалес мужийн Иба хотод Монгол Улсын иргэнийг баривчилжээ.
Түүнийг үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл ажиллагаа явуулсан гэж сэжиглэсэн байна.
Хамтарсан ажиллагааг хоёрдугаар сарын 12-нд Иба хотын Барангай Липай Дингин дэх нисэхийн сургууль дээр явуулсан. Ажиллагаанд “BI”-ийн тусгай баг, “AFP”-ийн 69 дүгээр явган цэргийн батальон, мөн орон нутгийн цагдаа болон бусад аюулгүй байдлын байгууллагууд оролцжээ. Баривчлагдсан хүн болох 30 настай Б нь тус сургуулийн төгсөх дамжааны оюутан байв. “BI” түүнийг олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй “тааламжгүй гадаадын иргэн” гэж бүртгэн саатуулсан байна. Албан мэдээллээр, Б нь сөнөөгч онгоцны нисгэгчээр төгссөн бөгөөд Хятадын засгийн газартай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэжээ.
Учир нь нислэгийн дадлагын үеэр 30 настай Б нь Иба нисэх буудал болон ойролцоох Палауиг голын орчимд агаараас зураг авсан гэх мэдээлэл байна.
“BI” мэдэгдэхдээ, визний нөхцөл зөрчсөн, ялангуяа үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдэд шуурхай арга хэмжээ авна гэжээ. “Филиппин улс үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанд өөрийн байгууллагуудыг ашиглуулахгүй. Гадаадын иргэд оршин суух нөхцөлөө чанд мөрдөх ёстой” гэж мэдэгдсэн байна. Баривчилгааны дараа түүнийг Манила дахь “BI”-ийн төв байранд хүргэж, бүртгэл, эрүүл мэндийн үзлэг, биометрийн мэдээлэл авсан. Дараа нь албадан гаргах ажиллагаа явагдах хүртэл “BI”-ийн харьяа саатуулах байранд шилжүүлжээ.
Тэгвэл тус улсад суух БНХАУ-ын Элчин сайдын яам Ням гаригт (2026.02.22) Замбалест саатуулагдсан Монгол Улсын иргэн Б нь Хятадын засгийн газартай ямар нэг холбоогүй гэж мэдэгдсэн байна.
Тус Элчин сайдын яамны дэд хэвлэлийн төлөөлөгч “Бидний мэдэж байгаагаар энэ этгээд нь Хятад улстай ямар ч холбоогүй” хэмээн онцолжээ. Мөн баримт бүрэн тодорхойгүй байхад яаран дүгнэлт хийхээс зайлсхийхийг анхааруулсан байна. “Баримтууд бүрэн тодорхой болоогүй байхад урьдчилан дүгнэх нь үндсэндээ буруу бөгөөд бодитой, хараат бус байх суурь зарчимд харшилна” гэж нэмжээ.
Өмнөх мэдээллүүдэд дурдсанаар, Монголын иргэн Б нь Хятадын Ардын чөлөөлөх армийн (PLA) Агаарын хүчний Нисэхийн их сургуульд бэлтгэгдсэн сөнөөгч онгоцны нисгэгч бөгөөд тус армид алба хааж байсан байж болзошгүй хэмээн мэдээлсэн байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Эдуардо Ано сэжигтний цэргийн намтартай холбоотой мэдээллийг өмнө нь танилцуулсан аж. Саатуулагдсан Б өөрт нь тулгагдсан буруутгалуудыг няцаасан байна.