COP17 хурлын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх жолооч нарыг сургалтад хамруулж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг ЗТЯ-нд зохион байгууллаа.

СОР17-гийн зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, тээврийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхээр бэлтгэж буй тус сургалтад төр, хувийн хэвшлийн байгууллага, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцах албан хаагчид хамрагдаж байна. Энэ үеэр COP17 хурлын тухай болон ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өглөө.

Зочдыг нисэх буудлаас угтах, зочид буудал, үйл ажиллагаанд хүргэх, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. Мөн зам тээврийн осол, саад, бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед ямар арга хэмжээ авах, ачаалал их нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг ур чадварыг ч хөтөлбөрт тусгажээ.

Сургалтаа багаар ажиллах дасгал, маршрут, тээврийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дасгал зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, НТГ, АТҮТ, ТЦА-ны холбогдох албан хаагчид мэдээлэл өгч, жолооч нарт мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэв. Тухайлбал, ТЦА-ны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа, олон улсын үйл ажиллагааны үеэр жолооч нарын анхаарах зүйлсийг ярьсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн