Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга  шалгаруулах тэмцээнд долоон баг өрсөлдөж байна

Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тивийн шилдэг багуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээн нь Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой. Тэмцээнд  Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Макао, Хонгконгийн шигшээ багууд өрсөлдөж байна. Эхний өдрийн тоглолтод Тайвань, Макаогийн баг өрсөлдөж, Тайванийн баг 3:0 харьцаатай ялалт байгуулж анхны хожлоо авлаа.

Тус тэмцээний өнөөдөр болсон нээлтийн ёслолд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, баг тамирчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ спортын жинхэнэ үнэ цэн нь шударга өрсөлдөөн, харилцан хүндлэл, эв нэгдэлд оршдогийг онцлоод, Зүүн Азийн шилдэг багууд нэг дор цуглан өрсөлдөж буй нь тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорихоос гадна улс орнуудын найрамдалт харилцаа, спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдад хандан эх орныхоо нэр төр, ард түмнийхээ итгэл найдварыг тээн талбайд гарч буйгаа ухамсарлан, өрсөлдөгчөөсөө эмээх бус өөрсдийн хамгийн сайн тоглолтыг үзүүлж, боломж бүрийг амжилт болгон хувиргахыг уриалав.

Монголын волейболын спортын түүхт 100 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь үндэсний шигшээ багийн хувьд тивийн шилдэг багуудтай эх орондоо өрсөлдөн ур чадвар, чансаагаа ахиулахын зэрэгцээ Монголын волейболын спортын шинэ амжилт, шинэ түүхийг бүтээх томоохон боломж болж байгаа юм.

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-9 ний өдрүүдэд Асса Аренад үргэлжилнэ. 

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга  шалгаруулах тэмцээнд долоон баг өрсөлдөж байна

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга  шалгаруулах тэмцээнд долоон баг өрсөлдөж байна

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга  шалгаруулах тэмцээнд долоон баг өрсөлдөж байна

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга  шалгаруулах тэмцээнд долоон баг өрсөлдөж байна

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга  шалгаруулах тэмцээнд долоон баг өрсөлдөж байна

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга  шалгаруулах тэмцээнд долоон баг өрсөлдөж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн