ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 4 /Kazinform/. Даваа гарагт Amazon компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 3 их наяд ам.доллароос давснаар эл үзүүлэлтээс дээш үнэлгээтэй дэлхийн 5 дахь компани боллоо.
Өчигдөр явагдсан арилжааны явцад технологийн аварга том компанийн хувьцааны ханш 5.2 хувиар өсөж, 285.75 ам.долларт хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 3.1 их наяд доллар болжээ. Он гарснаас хойш Amazon-ы үнэлгээ 23.2 хувиар өссөн нь “Их7” гэгддэг компаниудын хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Хиймэл оюун ухааны салбарын эрэлт өсөж, II улиралд үүлэн тооцооллын үйлчилгээ огцом нэмэгдсэн нь үнэлгээ өсөхөд нөлөөлжээ. Тус компани 196.47 тэрбум долларын ашиг олно гэж шинжээчид таамаглаж байсан бол энэ тоо 200.61 тэрбумд хүрсэн байна.
Ташрамд дурдахад, Амазоноос гадна Apple, Microsoft, Alphabet, Nvidia гэсэн 4 компанийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд доллароос даваад байгаа юм. Яг одоогийн байдлаар Nvidia компанийн үнэлгээ 5 их наяд доллароос давснаар дэлхийн хамгийн том компани болоод байна.
Даваа гаргийн арилжаагаар бусад компанийн хувьцааны ханш мөн адил өсжээ. Тухайлбал, Meta Platforms компанийнх 4 хувиар, Alphabet — 3,6 хувиар, Oracle — 5 хувиар тус тус өссөн байна.
Энэ онд гэхэд Amazon, Microsoft, Alphabet, Meta гэсэн дөрвөн компани хамтран хиймэл оюун ухаанд зориулсан тооцоолон бодох дэд бүтэц байгуулах, өгөгдлийн төвүүд барих, чип үйлдвэрлэхэд 700 тэрбум долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.