АНКАРА, 2026 оны наймдугаар сарын 4 /Kazinform/. Улс хооронд зорчих явдлыг хөнгөвчлөх, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн шинэ санаачилгыг Түрэг улсуудын байгууллага боловсруулж байна.
“Анкара бол түрэгийн ертөнцийн аялал жуулчлалын нийслэл” гэсэн нэртэй хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын үеэр Туркийн эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам”-ын дэд дарга, түрэг улсуудтай хэлхээ холбоо барих асуудал эрхэлсэн захирал Кюршад Зорлу ийнхүү мэдэгдлээ.
Түүний хэлснээр, түрэг хэлт улс орнуудын нэгдэн нягтрах үйл явц шинэ түвшинд гарч, юуны түрүүнд хүмүүс хоорондын харилцаа, залуучуудын солилцоо өргөжиж байна.
Үүний тулд тухайн улсын дотоодын үнэмлэх, бичиг баримтаар бусад түрэг улсад зорчих явдлыг өргөжүүлэх санаачилгыг дэвшүүлжээ. Одоогийн байдлаар, ийм журам Турк, Азербайжан улсуудад хэрэгжиж байгаа бөгөөд цаашдаа түрэг хэлт бүх улсад нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Түрэг улсуудын байгууллагын гишүүн орнуудад зориулсан музейн нэгдсэн картыг нэвтрүүлэх төсөл дуусах шатандаа оржээ. Үүний дүнд жуулчид нэгдсэн нэг тасалбараар музей үзэх тул аяллын зардлаа хэмнэж, түүх-соёлын өвийн газруудыг үзэхэд хялбар болох юм.
Ташрамд дурдахад, түрэг улсуудаас жил бүр 3.5 сая жуулчин Туркт ирдэг бол 1 сая орчим турк иргэд түрэг орнуудад зочилдог байна. Иймээс жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд тийзний үнийг хямдруулах, нислэг чиглэлийг олшруулах асуудлаар агаарын тээврийн компаниудтай хэлэлцээ хийж байгаа ажээ.
Аялал жуулчлалын болон хүмүүнлэгийн төслүүдийг дэмжих үүднээс Анкара хотын хөгжлийн агентлагаас 9 туршилтын төслийг 5 сая турк лир буюу 105 мянган ам.доллар санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
Өөр нэгэн санаачилга бол, удахгүй Анталья хотод болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид нэгдсэн Талуудын 31 дүгээр бага хурлын үеэр түрэг улсуудын тусгай хуралдааныг хийж, экологийн болон бүс нутгийн төслүүдийг хэлэлцэх явдал юм.