Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ

ИСЛАМАБАД, 2026 оны наймдугаар сарын 1. /ТАСС/. Пакистаны нутаг дахь Броуд-Пик /8051 м/ ууланд авирч байгаад цасан нуранги буусны дараа сураггүй алга болсон 10 уулчнаас дөрвөн хүний цогцсыг аврагчид олжээ. Энэ тухай Dawn сонинд Пакистаны уулын клубийн мэдээллийг эш татан уламжилсан байна.

Амиа алдсан хүмүүсээс хоёр нь хэн болохыг таниад байгаа бөгөөд тэд бол Оманы иргэн Надхира Аль Харти, Балбын иргэн Пур Бахадур Гурунг нар юм.

Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд түүнд Пакистаны Агаарын цэргийн хүчний хоёр нисдэг тэрэг оролцож байна.

Өмнө нь мэдээлснээр, Балбын нэрт уулчин Нирмал Пуржагийн удирдсан 10 хүний бүрэлдэхүүнтэй уулчдын баг лхагва гарагт Броуд-Пик уул руу авирч эхэлсэн бөгөөд баасан гарагт оргилд гарахаар төлөвлөжээ. Гэвч пүрэв гаргийн үд дунд цасан нуранги буусны улмаас уулчидтай холбоо тасарсан байна.  

Байршил тогтоох GPS төхөөрөмжийн мэдээллээр, цасан нурангид дарагдсан уулчдын баг 1 км хүртэл доош шидэгдсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн