Ливи: Дутуу алсан “могой” шиг төслүүдийн үр дүн

Ливид нар жаргаснаар шөнө эхлэхийн оронд моторын дуу дүнгэнэж эхлэх болжээ. Учир нь 48 хэмийг давсан цаг агаарт ливичүүд өдөрт 10 гаруй цагийн цахилгаангүй өнгөрөөж байгаа тул хувийн генератор ашиглахаас өөр аргагүй аж.

Нөхцөл байдал тэсвэрлэхийн аргагүйд хүрсэн тул нийслэл Триполи болон ойролцоох бүсүүдэд эсэргүүцлийн жагсаал, иргэний дуулгаваргүй байдлын хөдөлгөөн өргөжиж эхэлжээ. Гол төлөв залуу үе эсэргүүцлээ илэрхийлэн гудамж, талбайд цуглан төв замуудыг хааж байна. Мөн дугуй шатааж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг саатуулжээ. Триполи дахь Гадаад хэргийн яамны үүдэнд шороо асгаж, нэвтрэх гарцыг хаасан байна. Жагсагчид Ливийн одоогийн нөхцөл байдал бүхэлдээ авлига, хээл хахуулийн “хар мөр” гэж үзэж байгаа бөгөөд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, улс төрийн хуваагдсан тогтолцоог татан буулгахыг шаардаж байна.

Иргэний дуулгаваргүй байдлын хөдөлгөөнийг “Souq Al-Jumaa Movement” удирдаж, Тажоура, Жанзур дүүргийн идэвхтнүүд нэгдэн засгийн газрын үйл ажиллагааг саатуулах замаар үндсэн үйлчилгээний доройтлыг эсэргүүцэж байна.

Үүний зэрэгцээ Мягмар гаригт (2026.07.29) жагсагчдын өөр нэг хэсэг Меллита газрын тос, байгалийн хийн цогцолбор руу нэвтэрчээ. Улмаар Үндэсний газрын тосны корпораци (NOC) Эль-Филь газрын тосны ордын үйл ажиллагааг бүрэн, Вафа ордын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсооход хүрчээ. Ингэснээр цахилгаан станцуудад нийлүүлэх хийн хэмжээ буурч, хэд хэдэн эрчим хүчний нэгж ажиллагаагүй болсон байна. Засгийн газар дараа нь цогцолборын хяналтыг сэргээж, хийн нийлүүлэлтийг дахин эхлүүлсэн ч Ливийн эрчим хүчний хямрал үргэлжилсэн хэвээр байна.

Энэ хооронд АНУ-ын Африкийн асуудал хариуцсан зөвлөх Масад Булос Үндэсний эв нэгдлийн засгийн газрын Ерөнхий сайд Абдул Хамид Дбейбатай уулзаж, Ливийн улс төрийн нэгдлийг бэхжүүлж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь урт хугацааны тогтвортой байдлыг хангах чухал нөхцөл болохыг онцолсон байна.

Ливи улс 2014 онд эхэлсэн иргэний мөргөлдөөний дараагаас хойш баруун болон зүүн бүсэд хуваагдсан хэвээр байгаа юм. 2020 онд гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч олон улсын хүлээн зөвшөөрсөн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар Триполид, харин цэргийн командлагч Халифа Хафтарын дэмжлэгтэй өрсөлдөгч захиргаа зүүн бүс нутагт үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

“ХООСОН АМЛАЛТААС ЗАЛХАЖ БАЙНА”

Энгийн иргэдийн хувьд үргэлжилж буй эрчим хүчний хямралын улмаас өдөр тутмын амьдрал эрс хүндрэлтэй байгаа аж. Долоон жилийн дараа эх орондоо эргэн ирсэн эрчим хүчний системийн инженер Роа Насеф хэвлэлд өгсөн ярилцлагадаа, иргэд эрх баригчдын удаа дараагийн амлалтаас залхаж, түр зуурын шийдлээр асуудлыг аргацааж байгаад бухимдалтай байгааг илэрхийлжээ.

Тэрбээр цахилгаан хангамжийг тогтворжуулахын тулд дамжуулах сүлжээг шинэчилж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх урт хугацааны бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Мөн зөвхөн хэзээ ч хэрэгждэггүй төсөл зарлах нь асуудлыг шийдвэрлэхгүй гэж үзжээ.

Эрчим хүчний хомсдол зөвхөн нийслэл Триполи болон баруун бүсэд бус, улсын хэмжээнд ижил хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна.

Зүүн Ливийн Бенгази хотын оршин суугч Арийж Бадр нөхцөл байдлыг “эмгэнэлтэй” хэмээн тодорхойлж, цахилгаан үүсгүүртэй байх нь өдрийн турш тогтвортой цахилгаантай байх цорын ганц арга болсон гэж ярьжээ. Түүний хэлснээр, цахилгааны тасалдал усан хангамжийг доголдуулж, хүнсний бүтээгдэхүүн муудахад хүргэж байгаа бөгөөд энэ нь өндөр настан, өвчтэй иргэдийн амьдралыг улам хүндрүүлж байна.

ОЛОН ЖИЛИЙН БОДЛОГЫН АЛДАА

Ливийн эрчим хүчний салбарын шинжээчид болон хуучин албан тушаалтнууд уг хямралыг олон арван жилийн турш хуримтлагдсан бүтцийн доголдлын үр дагавар гэж дүгнэж байна.

Нэрээ нууцлан ярилцлага өгсөн Ливийн Цахилгаан эрчим хүчний ерөнхий компанийн (GECOL) нэгэн хуучин албан тушаалтан хэлэхдээ, “2011 оноос өмнө эхлүүлсэн стратегийн томоохон төслүүдийг бүрэн хэрэгжүүлээгүй нь өнөөгийн хямралын гол шалтгаануудын нэг болсон” гэжээ.

Тухайлбал, Сирт хотын ойролцоох дулааны цахилгаан станц болон Баруун Триполийн дулааны цахилгаан станцыг тус бүр 1,400 мегаваттын хүчин чадалтайгаар төлөвлөсөн. Гэвч Баруун Триполийн төсөл өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Харин Сиртийн станцын дөрвөн нэгжийн ердөө хоёр нь л үндэсний сүлжээнд холбогдсон бөгөөд төслийн тал нь хэрэгжээгүй хэвээр байгаа аж.

Үүний улмаас Ливи улс хуучирсан цахилгаан станцуудаас улам их хамааралтай болсон бөгөөд эдгээр байгууламжид их хэмжээний засвар үйлчилгээ шаардлагатай байгааг тэрбээр онцолжээ.

Мөн 2023-2024 онд цахилгаан хангамж харьцангуй сайжирсан нь салбарын цогц шинэчлэлийн үр дүн бус, харин олон жилийн өмнө гэрээлсэн хийн цахилгаан станцууд ашиглалтад орсонтой холбоотой гэж тайлбарласан байна.

Эдгээр төслүүд эрчим хүчний хэрэглээний хүчин чадлыг нэмэгдүүлж, хомсдолыг тодорхой хэмжээнд бууруулсан ч жил бүр ойролцоогоор 600 мегаваттаар өсөж буй хэрэгцээг бүрэн хангаж чадаагүй гэжээ.

Эрчим хүчний шинжээч Ахмед аль-Меслати цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд л анхаарах нь хангалтгүй гэдгийг мэдэгдэв. Дамжуулах сүлжээний хуучрал, засвар үйлчилгээний хоцрогдол нь цахилгааныг тогтвортой нийлүүлэхэд саад болж байгааг тэрбээр онцолсон байна. Түүнчлэн Египет улс долдугаар сараас эхлэн Ливид цахилгаан экспортолж эхэлсэн. Гэсэн хэдий ч нийлүүлж буй 70 мегаваттын хүчин чадал нь улсын нийт хэрэгцээтэй харьцуулахад маш бага хэмжээний “дэм” болж байгааг Меслати тэмдэглэжээ.

Харин Ливийн зүүн бүсэд төвтэй, зэрэгцээ засгийн газрын Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч Рабие Халифа эрчим хүчний өргөн хүрээний тасалдал нь зөвхөн түлшний хомсдолоос шалтгаалаагүй гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, зуны оргил ачааллын үеэр 400 квт-ын дамжуулах шугамд гэмтэл гарснаар цахилгаан станцууд дараалан ажиллагаагүй болж, үндэсний сүлжээний давтамж огцом унажээ. Улмаар улсын хэмжээнд цахилгааны систем доголдсон гэж тайлбарлаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн