Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагын удирдлагуудтай хуралдаж, холбогдох үүрэг даалгавруудыг өглөө. Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэр тулгамдаж байгаа асуудал, гарсан санал, санаачилгын талаар танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар чиглэл болголоо.

Тодруулбал, орон нутгуудад олон жил шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэлт удаашралтай байгаа асуудлууд олон байгаа нь уялдаа холбоо муутай, хөгжлийг сааруулж байгааг Шадар сайд тодотгож, салбар байгууллагууд бодлого, зохицуулалт уялдаа холбоогоо сайжруулж, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө

Мөн орон нутагт халамжийн тогтолцоо хэт төвлөрсөн байдлаар хэрэгжиж байгааг дурдаж, аймаг орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай худалдан авалтыг орон нутаг өөрийн эрх хэмжээнд шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал болохыг онцоллоо. Төсөвт хэт төвлөрсөн хандлага нь хөгжлийн бодлогыг удаашруулдаг тул орон нутгийн санхүүгийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх шаардлагатай гэв.

Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө

Хуралдаанаар байгууллага хоорондын өр, авлагын асуудлыг судалж, бодит мэдээлэлд үндэслэн танилцуулах, мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлэх, орон нутагт тулгамдаж буй дулааны станц, инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийг анхаарууллаа. 

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг шатлалтайгаар төвлөрлөөс орон нутаг руу шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдсан юм.

Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө

Ийнхүү Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт үүсэж буй асуудал, эрсдэлийн мэдээллийг Улсын Онцгой Комисст шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтийн явцыг эргэн мэдээлдэг тогтолцоог төлөвшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах үүргийг УОК-ын гишүүд, холбогдох яамны удирдлагуудад өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн