Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 29 //. Боловсролын салбарт хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” цогц үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хэт ачааллыг бууруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэхүү тогтоолыг Засгийн газар 2026 оны 5 дугаар сард баталсан бөгөөд хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Боловсролын яамнаас 3000-аас дээш суралцагчтай, хэт ачаалалтай сургуулиудын бүтцийг шинэчилж, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор цогц шинэчлэлийг эхлүүлээд байна. Үүнд олон улсын хөтөлбөртэй болон их сургуулийн харьяа төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулах, томоохон хотхон, хорооллыг түшиглэсэн бага сургуулиудыг шинээр байгуулах зэрэг ажлууд багтаж байна.
Энэ ажлын хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироор ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллаж, сургуулиудын ачаалал, сургалтын орчин, бүтцийн өөрчлөлтийн хэрэгжилттэй танилцлаа.
Хотхоны бага сургуулийн тогтолцоог хөгжүүлснээр “Гэрт ойрхон сургууль-Сайн сургууль” үзэл баримтлалыг бодит ажил болгох боломж бүрдэх юм. Ингэснээр нэг ангид суралцах хүүхдийн тоо буурч, багшийн ажлын ачаалал багасахын зэрэгцээ сурагчдын суралцах орчин, сургалтын чанар сайжрах нөхцөл бүрдэнэ. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, сурагчдын зорчих хөдөлгөөнийг багасгаснаар нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад ч эерэг нөлөө үзүүлэхээр төлөвлөж байна.
Харин төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлснээр ерөнхий боловсролын сургуулиудын элсэлт, төгсөлтийн зохистой харьцаа хангаж, сурагчдын авьяас, сонирхолд нийцсэн сургалтын боломж өргөжих юм. Үүний зэрэгцээ боловсролын салбарын төсвийн зарцуулалтын үр ашиг дээшилж, сургалтын чанар, хүртээмжийг урт хугацаанд тогтвортой сайжруулах үндэс бүрдэх юм.


