БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүрээнд WHIPIC (World Heritage Interpretation and Presentation Centre), ICHCAP (International Information and Networking Centre for Intangible Cultural Heritage in the Asia-Pacific Region) болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газар хамтран “Synergies between Tangible and Intangible Heritage: Integrated Approaches to Heritage Management in East Asia” сэдэвт олон улсын хэлэлцүүлгийг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсаас Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Э.Одончимэг нар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг болон уул, овоо тахих уламжлалт зан үйлийн өвийн хамгаалалтын төлөвлөгөөний нэгдмэл менежмент, хэрэгжилтийн туршлагыг олон улсын судлаач, шинжээчдэд танилцуулав.
Энэхүү илтгэл нь 2025 онд ЮНЕСКО-гийн Бээжин дэх бүсийн төлөөлөгчийн газар болон Зүүн Азийн II зэрэглэлийн төвүүдээс зарласан “Promoting Tangible-Intangible Synergies” олон улсын кейс судалгааны сонгон шалгаруулалтад шалгарсан Э.Одончимэгийн шүүмж үнэлгээний бүтээлд үндэслэсэн юм. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг болон уул, овоо тахих уламжлалт зан үйлийн хамгаалалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн туршлага нь биет болон биет бус өвийн уялдаа холбоог бодитоор харуулсан Зүүн хойд Азийн шилдэг кейсүүдийн нэгээр үнэлэгдэж, ЮНЕСКО-гийн боловсруулж буй биет болон биет бус өвийн нэгдсэн менежментийн арга зүй, бодлогын зөвлөмж боловсруулах судалгааны суурь кейс болгон сонгогджээ.
Монгол Улсын энэхүү туршлага Бурхан Халдун уулын Дэлхийн өвийн үнэт зүйлсийг уламжлалт уул, овоо тахих зан үйл, соёлын ландшафт, эрх зүйн зохицуулалт, байгууллагуудын хамтын ажиллагаатай уялдуулан хамгаалж буй юм. Ялангуяа өвийн газрын хамгаалалтыг дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажилласнаар биет бус өв болох уул овоо тахих уламжлалт зан үйлийн бүх талын оролцоог хангасан, тогтмол хөгжиж өвлөн уламжлагдах жинхэнэ амьд өвийн шинж чанарыг хадгалах, одоог хүртэл байгалийн дахин давтагдашгүй онцгой үнэ цэн, онгон дагшин байдлыг нь огт хөндөлгүйгээр хамгаалж чадсан нь хэлэлцүүлэгт оролцсон олон улсын шинжээчид, эрдэмтэн судлаачид болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчдийн анхаарлыг татаж, өндрөөр үнэлэгдэв.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Монгол Улсын хэрэгжүүлж буй энэхүү нэгдсэн хамгаалалтын арга барилыг Зүүн Азийн бүс нутагт түгээн дэлгэрүүлэх боломжтой сайн туршлага болохыг онцлов. Мөн WHIPIC, ЮНЕСКО-гийн Бээжин дэх бүсийн төлөөлөгчийн газар болон ICHCAP төвүүд цаашид Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай судалгаа, сургалт, чадавх бэхжүүлэх, туршлага солилцох бүхий л чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойгоо илэрхийллээ. Түүнчлэн Бурхан Халдун уулын энэхүү кейсийг ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбараас гаргасан эмхэтгэлд нийтлэн ЮНЕСКО-гийн албан ёсны вэбсайт дахь цахим номын санд оруулсан ба цаашид биет болон биет бус өвийн нэгдсэн менежментийн арга зүй, бодлогын баримт бичиг, сургалтын материал боловсруулах үйл явцад суурь, жишиг сайн туршлага болгон ашиглахаар төлөвлөж буйгаа онцолсон нь Монгол Улсын өв хамгааллын туршлагыг олон улсын бодлогын түвшинд тусгах чухал алхам болсныг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар мэдээлэв.

