COP17 хурлыг зохион байгуулснаар Монгол Улсад урт хугацааны хөрөнгө оруулалт, эдийн засгийн өгөөж бүрдэнэ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 28 //. COP17 хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар стратегийн болон эдийн засгийн томоохон үр өгөөж бий болно гэж албаныхан үзэж байна.

Стратегийн ач холбогдлын хувьд энэхүү хурал нь байгаль орчны салбарын урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж, олон улсын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой. Түүнчлэн дэлхийн байгаль орчны зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлж, олон улсын байгаль орчны бодлогыг тодорхойлоход манай улсын манлайллыг бэхжүүлэх боломж бүрдэх юм.

Үүний зэрэгцээ Монгол Улс байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй урт хугацааны бодлого, санаачилгаа олон улсын түвшинд танилцуулж, хөрөнгө оруулалт болон урт хугацааны санхүүжилт татах чухал боломжийг энэхүү бага хурлаас хүлээж байна.

Одоогийн байдлаар нийт 292 төслийг олон улсын түншүүдэд танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд эдгээр төслийн нийт санхүүжилтийн хэрэгцээ 6.5 тэрбум ам.долларт хүрч байна.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх дөрвөн төсөл нь:

  • Хиймэл оюунд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах
  • Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор байгуулах
  • Бэлчээрийн менежментийн төслийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох
  • Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гандуу бүс нутгийн Евразийн төв байгуулах төсөл юм.

Эдгээр төслийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдээс эхний шатны дэмжлэгүүдээ илэрхийлээд байна. Тухайлбал:

  • Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарт 200 сая еврогийн санхүүжилт
  • Даян дэлхийн байгаль орчны сан /GEF/ техникийн дэмжлэгийн хүрээнд 3.3 сая ам.доллар
  • Франц улс 1 сая ам.доллар
  • Азийн хөгжлийн банк 500 мянган ам.долларын санхүүжилт олгохоо баталгаажуулаад байна.

Мөн Дэлхийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Катар, Оман, Герман, БНСУ зэрэг улс, байгууллагуудтай хөрөнгө оруулалтын чиглэлээр яриа хэлэлцээ үргэлжилж байна. Санхүүжилтийн тодорхой хэсэг нь зээлийн хэлбэрээр хэрэгжүүлэх тул холбогдох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэх юм. Хурлын дараа хөрөнгө оруулалтын үр дүн, шийдвэрүүдийг олон нийтэд танилцуулах аж. 

Эдийн засгийн үр өгөөжийн тухайд албаны тооцооллоор COP17-д 6,000-8,000 төлөөлөгч оролцсон тохиолдолд Монгол Улсын эдийн засагт шууд утгаараа 150 тэрбум төгрөгийн үр өгөөж бий болно. Төлөөлөгчдийн зочид буудал, хоол, тээвэр, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, бэлэг дурсгалын худалдаа болон бусад хэрэглээнээс бий болох эдгээр орлого нь дотоодын эдийн засгийг идэвхжүүлэх бодит хөшүүрэг болно.

Тооцооллоор 6,000-аас доош төлөөлөгч оролцсон тохиолдолд эдийн засгийн үр өгөөж 132 тэрбум төгрөг, харин 8,000-аас дээш төлөөлөгч оролцвол 170 тэрбум төгрөгт хүрэх боломжтой.

COP17-ыг зохион байгуулах нийт төсөв 2025-2027 онд 301 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд энэхүү төсвийг аль болох хэмнэж, баталсан төсөвтөө багтаан ажиллах зорилт тавьжээ.

COP17 хурлыг зохион байгуулснаар Монгол Улсад урт хугацааны хөрөнгө оруулалт, эдийн засгийн өгөөж бүрдэнэБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирын мэдээлснээр, Монгол Улс энэхүү олон улсын хурлыг зохион байгуулснаар урт хугацаанд нэг их наяд төгрөг орчим хөрөнгө оруулалт татах зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, Европын хөрөнгө оруулалтын банкны амласан 200 сая еврогийн санхүүжилт дангаараа ойролцоогоор 800 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт юм. Үүнээс гадна Дэлхийн банк 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байгаа бол Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк урьдчилсан хүсэлтгүйгээр Монгол Улсын ногоон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байна. Тухайлбал, ирээдүйд барих авто замуудад амьтны гарц бүхий, сэргээгдэх эрчим хүч ашигласан “ногоон зам”-ын шийдлийг хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд эдгээр асуудлыг COP17-ын үеэр бодит хөрөнгө оруулалтын түвшинд баталгаажуулж чадвал Монгол Улсад татагдах хөрөнгө оруулалтын хэмжээ цаашид улам нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн