Хот дахь эрэн хайх, аврах дунд ангиллын багийг олон улсын түвшинд бэлтгэнэ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 28 //. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чаныг хүлээн авч уулзлаа.

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан Хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, үндэсний  хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах төсөл”-ийг гурван хоёр үе шаттай 2017-2019, 2023-2025 онд хэрэгжүүлж, хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төвийг байгуулж, аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэн, сургагч багш, зааварлагчийг бэлтгэсэн гэдгийг бригадын генерал Ц.Ганзориг танилцууллаа.

Мөн Япон Улсад 2011 онд 13 алба хаагч, 2023 оны 2 дугаар сард БНТУ болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсад болсон газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд Эрэн хайх, аврах 24 алба хаагч, эмнэлгийн яаралтай тусламжийн 11 алба хаагчид хамтран 10 хоногийн хугацаанд  газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүнийг нурангиас гаргаж, амийг аварч, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэдгийг тодотгосон юм. 

Энэ үеэр “Олон улсын гамшгийн үеийн хариу арга хэмжээний тогтолцоо ба НҮБ-ын Эрэн хайх аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг: Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх боломж”, “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийсэн байна. 

Уулзалтаар талууд Монгол Улсын  Хот дахь Эрэн хайх, аврах дунд ангиллын багийг олон улсын ангилалд бэлтгэж, цаашлаад бүс нутаг болон олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн эрэн хайх, аврах ажиллагаанд үр дүнтэй оролцох боломжийг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолсон талаар ОБЕГ-аас мэдээлэв. 

Хот дахь эрэн хайх, аврах дунд ангиллын багийг олон улсын түвшинд бэлтгэнэ

Хот дахь эрэн хайх, аврах дунд ангиллын багийг олон улсын түвшинд бэлтгэнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн